Усанд сэлэлтээр “Аврагч” БТТС хорооныхон тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-22 08:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Усанд сэлэлтийн мастеруудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дасгалжуулагч, хошууч Н.Үербаатар ахлуулсан баг тамирчид 9 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлжээ.


Сэлэнгэ аймагт зохион байгуулсан УАШТ-д хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч, спортын мастер Г.Уртнасан, НОБГ-ын  нийслэлийн Аврах 105-р ангийн усчин аврагч А.Мөнхтуяа нар 50 метр, мэлхий сэлэлт, араар болон өврөөр даллах сэлэлт, далайн гахайн сэлэлт гэсэн дөрвөн төрөлд тус бүрт аваргын алтан медаль хүртсэн байна.


ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын усчин аврагч, ахлах ахлагч Э.Амарбаяр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алт, араар даллах сэлэлтийн төрөлд мөнгө, 50 метрийн өврөөр даллах сэлэлт, далайн гахайн сэлэлтийн төрлүүдэд тус бүр хүрэл медаль хүртсэн гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ