Ажлын багийн тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-22 20:44:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн тайланг хэлэлцэв. 


Ажлын багийн тайланг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг тус Байнгын хороо энэ оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд тайлангуудыг Байнгын хорооны хуралдаанд бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганболд, Н.Номтойбаяр, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ. Ажлын баг болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, энэ оны 6 дугаар сард санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төслөө бэлэн болгосон ч Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн учраас Байнгын хороогоор ажлын багийн тайлан, санал, дүгнэлт, шийдвэрийг хэлэлцэж амжилгүй явж иржээ.



Ажлын баг юуны өмнө Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлүүд сангуудын чөлөөт мөнгөн хөрөнгийг үлдэгдлийн харилцах, хадгаламжийн зохистой харьцааг хангаж, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж буйг шалгаж танилцжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахдаа Монголбанкны бодлогын хүү, Төвбанкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү, арилжааны банк хоорондын захын хүү, банкуудын нийтэд зарласан байгууллагын хугацаатай хадгаламжийн хүү болон Монголбанкны саналыг үндэслэн тогтоож ирсэн байна. Тухайлбал, тус сангийн чөлөөт үлдэгдлийг банкуудад хадгаламж хэлбэрээр 2018 оны 1-8 дугаар сар хүртэлх хугацаанд 9-15.4 хувийн хүүтэй хадгалуулжээ. Өнгөрсөн онд тус сангийн 29.5 тэрбум төгрөгийг арилжааны 9 банканд жилийн 9 хувийн хүүтэй байршуулж, нийтдээ 42,077.8 сая төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэйгээр иргэдэд олгосон агаад оны эцсийн байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 10,581.4 сая төгрөг болсон байна. Улмаар Нийгмийн даатгалын хуримтлалын сангаас 2018 онд арилжааны банканд байршуулах хөрөнгийн дээд хэмжээг 600 тэрбум төгрөгөөр шинэчлэн тогтоож, 548.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудтай “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулж хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулжээ.


Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн онд 496 тэрбум төгрөгийг арилжааны 7 банканд 3-12 сарын хугацаатайгаар жилийн 11-14.8 хувийн хүүтэй байршуулж иржээ. Сангийн үндэсний зөвлөл нь сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахдаа чөлөөт өрсөлдөөний зарчмыг ханган мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эхлэх тусгай зөвшөөрөлтэй арилжааны бүх банкаас хадгалах мөнгөн дүн, хүүгийн хэмжээний санал авсны үндсэн дээр гэрээ байгуулан хамтран ажилладаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдсанаар 2018 оны төсвийн тухай хуулиар хүлээсэн 33.3 тэрбум төгрөгийн орлогыг 8.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж нийт 47.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого бүрдүүлжээ.


Гэхдээ Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлүүд нь даатгуулагчдын хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, үр өгөөжтэй байлгах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг ажлын багийн ахлагч санал, дүгнэлтдээ дурдаж байв. Тухайлахад, Нийгмийн даатгалын сангаас хадгаламж хэлбэрээр байршуулсан данснуудаас түүвэр байдлаар шалгахад 2018 онд Монголбанкнаас тавьсан өөрийн хөрөнгийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж чадаагүй Капитал банканд 81.4 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаж чадаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 34.3 тэрбум төгрөгийг тус тус хадгаламж хэлбэрээр байршуулсан. Түүнчлэн тухайн нэг банканд байршуулах хадгаламжийн хэмжээг тус банкны активын 15 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг баримталж байгаа боловч энэ нь тухайн банканд байршуулах хадгаламжийн дээд хэмжээний хязгаарлалт болж чадахгүй байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг зарцуулах, банканд хадгалах, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах журмын 4.1.3-т “хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан нь бусад сангуудын тогтоосон дээд хэмжээнээс 5-15 хувиар илүү байгааг дурдсан байна.


Ажлын баг тус Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, дээрх сангуудын зарцуулалтын талаар хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийг шалгахад үндэсний зөвлөл тус бүрд хэрэгжсэн 4, хэрэгжих шатандаа байгаа 1, хэрэгжээгүй 2 арга хэмжээ байна гэж үзжээ. Мөн үндэсний зөвлөлүүдийн 2018 оны төсөв, төсвийн зарцуулалтын байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Энэ үндсэн дээр Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг санаачилсан байна.


Ажлын багийн тайлан, санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, М.Билэгт нар ажлын багаас асуулт асууж тодруулсан бөгөөд ажлын багаас боловсруулсан шийдвэрийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, М.Билэгт, Д.Сарангэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд ажлын багаас боловсруулсан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусгаж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн тайланг хэлэлцсэн талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт тодорхой чиглэл өгөхөөр тогтов.


Байнгын хорооны хуралдааны эцэст Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Чинзориг УИХ-ын эмэгтэй гишүүд болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, мөн Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн адил агуулга бүхий эдгээр гурван хуулийн төслийг нэгтгэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх санал гаргасныг дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ