Усанд сэлэлтийн мастерсийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-24 19:44:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Мастерсийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт анх удаа амжилттай зохион байгууллаа.

Усан спортыг аймаг орон нутагтаа сурталчлах, тамирчдын авьяас чадварыг хөгжүүлэх, иргэдийнхээ бие бялдрыг усаар чийрэгжүүлэх зорилгоор ийн зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээнд усанд сэлэлтээр олон жил хичээллэсэн ахмад тамирчдыг оролцуулсан нь онцлог байв.

Мастерсийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Хангарьд, Баянгол дүүрэг, Виста, Баянзүрх дүүрэг, ОБЕГ, Орчлон, Дархан СПА, Сэлэм загас, 33-р сургууль, Тэмүүлэл, Jarden, АPU трейд, Сэлэнгэ аймгийн ОБГ, Усан спорт сургалтын төвийн нийт 40 гаруй тамирчин оролцлоо.

Тамирчид 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-49 насны ангилалд, өврөөр даллах сэлэлт 50м, араар даллах сэлэлт 50м, мэлхий сэлэлт 50м, далайн гахай сэлэлт 50м зайд хурд хүчээ сорин өрсөлджээ. Ингээд анхдугаар тэмцээний ялагчаар 50 м-ийн мэлхий сэлэлтийн эрэгтэй төрөлд Г.Ууган-Эрдэнээмэгтэйчүүдээс н.Уртнасан, 50 м араар даллах сэлэлтэд эрэгтэйчүүдээс н.Одгэрэл, эмэгтэйчүүдээс У.Уртнасан, 50 м өврөөр даллах сэлэлтэд эрэгтэй н.Одгэрэл, эмэгтэйчүүдээс н.Уртнасан нар аварга болсон байна.

Мөн тэмцээний далайн гахай сэлэлтэд эрэгтэйчүүдээс С.Сонин-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс М.Мөнхтуяа нар алтан медалийн эзэд болжээ. Энэ удаагийн тэмцээнд Усан спорт сургалтын төвөөс А.Отгонцэцэг, Биеийн тамир спортын газрын ажилтан Т.Энхтуул нар анх удаа оролцож, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын газрын дарга Ө.Сувдаа, Монголын усан спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах, Биеийн тамир спортын газрын ахлах дасгалжуулагч Д.Энхбат, Усан спорт сургалтын төвийн эрхлэгч Ц.Уртнасан, аймгийн ОБГ-ын дарга Г.Баатар болон баг тамирчид оролцлоо.

Холбоотой мэдээ