Эрдэс түүхий эд боловсруулах лабораторитой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-23 16:13:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Эрдэс түүхий эдийн боловсруулалтын лаборатори”-ийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд байгууллаа.

Энэхүү лабораторийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы санхүүгийн дэмжлэгээр байгуулсан бөгөөд Хөххотын Металлургийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран судалгааны ажил хийх юм.

Тус лабораторийг хүдэр буталж нунтаглахаас эхлээд олон төрлийн аргаар баяжуулах, уусгах технологийн туршилт, судалгаа хийх иж бүрэн багаж, тоног төхөөрөмжөөр тоногложээ.

Лаборатори байгуулснаар алт, мөнгө, зэс, төмөр, газрын ховор элемент, нүүрс гэх мэт Монгол орны эрдэс түүхий эдийг баяжуулах, боловсруулах судалгааг цогцоор нь хийх юм. Түүнчлэн гадаад улс оронд өндөр зардлаар хийлгэдэг технологи туршилтыг Монголд хоёр орны мэргэшсэн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл,  хил гаалиар дээж гаргахаас эхлээд үүсдэг бэрхшээл, хүндрэл алга болж байгаа юм.   

Нээлтэд БНХАУ-ын талаас Шинжлэх ухаан, технологийн яам, ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан, технологийн тэнхим, Хөххотын Металлургийн хүрээлэн, Монголын талаас БСШУСЯ, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийнхэн төлөөлөл  оролцов.

 

 

Холбоотой мэдээ