Б.Батмөнх: Төрсөн нутаг ус төдийгүй, нутгийн минь азай буурлууд ч ижий минь юм байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-26 20:22:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-23-нд Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн төвд энэ л нутгаас төрөн гарсан ахмадууд газар газраас цугларсан нэгэн өвөрмөц уулзалт боллоо. Энэхүү уулзалтыг зохион байгуулсан  хүмүүсийн нэг, тус багийн уугуул Бичээчийн Батмөнх хэмээх эрхэмтэй ярилцлаа.


-Өлзийт сумын Тагт багийн төвд нэгэн сайхан уулзалт боллоо. Та бол энэ уулзалтыг зохион байгуулсан хүмүүсийн нэг. Нутгийнхаа ахмад, буурлуудыг цуглуулж, тэднийгээ баясгаж, нутаг усандаа өнжин налайсан энэ сайхан үйл явдлаа бидэнтэй хуваалцана уу!

-Тагт бригадын төвд тэнгэрийн хур дагуулж, нүүрэндээ гэрэл гэгээ, баяр баясгалантай тэнгэрлэг сайхан 108 ахмад настан уулзсан үнэхээрийн сайхан уулзалт боллоо.  

Аав, ижийтэй минь нэгэн үе хамт ажиллаж, амьдарч байсан үе тэнгийнх нь болон ойр дотных нь настан буурлуудыг олон жилийн дараа уулзуулахад өөрийн эрхгүй ижий, аавыгаа үгүйлэн санадаг юм байна. Төрсөн нутаг ус төдийгүй, нутгийн минь азай буурлууд ч ижий минь юм байна. ”Ижий минь энэ газар шороон дээрээ, энэ сайхан хүмүүсийн дунд тэд нар шигээ л ингээд налайж суух байсан байх даа” гэж бодохоор өөрийн эрхгүй хамар шархирдаг юм билээ.

Миний чин сэтгэлээсээ хүндэтгэж явдаг Тагт нутгийн Ядамын Доржсамба гуайн хүү Отгондаваа санаачилж, Тагт нутгийн 10 гавьяат цолтны нэг Цэндийн Сандагийн хүү Од-Эрдэнэ ивээн тэтгэж, Тагт нутгийн хүү Жижиг хэмээх Авирмэдийн хүү сумын Засаг дарга Эрдэнэбат, Тагт нутгийн Бүлтэн хэмээх Маамын хүү Айлтгүй дүү нарын маань хүчин чармайлтаар, мань мэтийн нутгийнхаа төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж яваа олон хүний дэмжлэгээр “Тагт бригадын ахмадын өдөрлөг” маш сайхан боллоо.

Нэгэн үе Дундговийн Өлзийт суманд Тагт бригадынхан гэж нэгэн гайхамшигтай хамт олон байсан. Тэр агуу хүмүүсийн нэг нь миний муу ижий байсан юм. Насаараа л тэмээ дагасан /тэмээчин/ өрх толгойлсон эмэгтэй байсан даа.

-Говийн малчин эмэгтэйчүүд үнэхээр гайхамшигтай хүмүүс байсан гэж ярьдаг, ном, зохиолд ч онцолж бичдэг шүү дээ. Таны ижий тийм л сайхан хүн байсан байх даа.

-Говь нутгийн эмэгтэйчүүд бол бусад нутгийнхнаас арай өөр өвөрмөц амьдралтай, ажилсаг, эршүүд, гүжирмэг, хөрслөг хүрэн бор царайтай, махлагдуухан, байнга нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, амьдралын жаахан бэрхшээл байвал түүнийгээ жаргал болгож чадсан гайхамшигтай улсууд байдаг юм

Саяын уулзалтад ирсэн манай нутгийн сайхан буурлуудаа харахад яг л тийм төрх, араншин нь хэвээр харагдана билээ.

Хүн ижийгээ мөнхөд дээдэлдэг. Мөн нас ахихын хэрээр ижий нутаг хоёроо адилхан дээдэлдэг, шүтдэг бололтой.

Энэ уулзалтаас “Ижийтэйгээ нэгэн үед хамт ажиллаж, амьдарч байсан үе тэнгийн болоод ойр дотнын сайхан буурлуудыг нэг дор суулгаад гэнэт харахад та өөрийн эрхгүй ижийгээ үгүйлэн санах болно” гэдгийг маш сайтар ойлголоо. Яг үнэндээ ингэнэ чинээ огт бодоогүй байсан.

Ер гаруй настай С.Лувсангомбо генерал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Нутаг гэдэг чинь ээж юм байна шүү дээ” гэсэн гайхалтай үг хэлж шуугиан дэгдээсэн.

Лувсангомбо гуай бол бидэн шиг л говийн олон хүүхэдтэй малчин эмэгтэйн хүүхэд юм билээ. Энэ эрхмийн энэ үгийг онцлон нүүр номд тавихад дөрвөн мянга шахам хүн шейрлэж  долоон мянга шахам хүн лайк дарсан байсан нь энэ үгийн үнэ цэнийг тодорхойлж байгаа юм.

Саяын уулзалтаас ижийтэй минь хамт нэгэн үед ажиллаж амьдарч байсан сайхан хүмүүс бөөнөөр нэг дор байгааг хараад ижийгээ үгүйлэхийн дээдээр үгүйллээ.

-Энэ уулзалтын үеэр болсон онцлог, сайхан дурсамж өөр юу байна вэ?

-Уулзалт нээсний дараа Нутгийн зөвлөлийг төлөөлөн хэдхэн минутад багтааж үг хэлэх үүргийг А.Эрдэнэбат даргаас авлаа. Завшааныг ашиглан “нутгийн хөгшчүүлтэйгээ ганц сайхан мэндчилчихье” гэж бодоод давхиад гарлаа.

Тэгтэл яасан гэж санана. Танхимд сууж байгаа нутгийн сайхан настан буурлууд /эмэгтэйчүүд/ маань бүгдээрээ яг ижий минь юм шиг харагдсан. Зүгээр л дотор огшоод явчихдаг юм билээ. Юун юм хэлэх, хэлэхээр бодож гарсан таван үгээ түгдчин, ээрч мууран, гацан байж арай ядан хагас хугасыг нь хэлсэн.

Уулзалтыг нээж үг хэлсэн Эрдэнэбат дарга аав Авирмэдийгээ, Отгондаваа маань аав Доржсамба, ээж Шоовдор нараа дурсахад өөрийн эрхгүй хоолой нь зангирч байсан шүү.

Тэнд цугласан олон хүнд мөн ийм сэтгэгдэл төрсөн байх. Сэтгэгдлээ хэлсэн хүн бүр “тэнгэрээс харж байгаа бол…” гэдэг үгийг хэлээд аав ээжээ дурсаж байсан.

-Тагт багийн нутагт байгалийн олон гайхамшигтай, өвөрмөц, үзэсгэлэнт газрууд байдаг тухай та байнга бичдэг, танилцуулдаг. Мөн олон гайхамшигтай хүмүүс ч эндээс төрөн гарсан байдаг шүү дээ. Та энэ сайхан нутгаараа нэг омогшиж, бидэнд гайхуулахгүй юү?

-Тэр бол үнэхээр тийм. Дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилийн өмнөх түүх хадан дээр нь сийлээстэй Дэл хөнжлийн уулс, Монголын хамгийн үзэсгэлэнт 20 газрын нэгд багтдаг, Монголд ирсэн гадаадын жуулчдын 70 хувь нь очиж үздэг, аялал жуулчлалын улиралд өдөрт 200 машин очдог говийн алдарт Цагаан суварга, дэргэдээсээ Ардын жүжигчин, Төрийн шагналтан, Гавьяат цолтнууд, Ерөнхий сайд, Улсын баатар зэрэг 10 гаруй алдартан төрүүлсэн Хонгор хайрхан, Буурал угалз, Монголын хамгийн урт агуйн нэгд тооцогдох Хэвтээ босоогийн агуй зэрэг байгаль, түүхийн соёлын өв байдаг нутаг бол яах ч аргагүй манай Тагт багийн нутаг юм.

Манай нутгаас чинь Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Долгорын Нямаа, Ардын жүжигчин Нямын Дагийранз, Монгол Улсын Гавьяат багш Дашдаваагийн Жуужаа, Гавьяат малчин Хоомонгийн Баянжаргал, Гавьяат эмч Пэлжидийн Банзрагч, Гавьяат жүжигчин Ц.Сандаг, Л.Чимиддорж, Г.Дамбийжанцан, Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Ж.Наранцацралт, Монгол Улсын арслан Г.Дэмүүл, 1939, 1945 оны дайнд оролцож явсан н.Гэндэн, Л.Лүүсий, Я.Доржсамба, 1930-аад оны хил дамнасан их нүүдлийн үймээнд оролцож явсан Монгол Улсын баатар Түвдэнгийн Бор болон Ц.Сайнбаяр, Н.Дэлэгсамба нарын дайчид, алдартнууд, төрөн гарчээ.

Энэ гайхамшигтай нутгийнхаа энэ сайхан хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй юм. Тиймээс нутгийнхаа өндөр настнуудыг цуглуулж уулзуулах буянтай үйлсэд өчүүхэн ч атугай тус дэм болон оролцсондоо туйлаас их баяртай байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе, уулзалтынхаа талаар өөр нэмж хэлэх зүйл байгаа байх аа?

Яагаад ч юм, энэ намар би тагнуулынхан, хилийн цэргийнхэн, шифрийн албаныхан, төгссөн сургуулийнхан, төрсөн нутгийнхан гээд ахмадын олон уулзалтад орлоо. Бурхны оронд одсон хайртай ижийтэйгээ уулзсан юм шиг сэтгэгдэл төрүүлсэн Тагт нутгийн минь ахмадын уулзалт хамгийн оргил нь байлаа.

Багийн ахмадын уулзалт болдог байх, харин бригадын /засаг захиргааны хуучин нэгж/ ахмадын уулзалтыг манай нутгийнхан анх удаа хийсэн байж магадгүй. Энэ уулзалтаа цаашид тодорхой хугацаанд хийж хэвшихээр тохиролцсон.

Олон настан буурлуудыг баярлуулсан сайхан үйл ажиллагаа болсон шүү.

-Танд маш их баярлалаа

 

Холбоотой мэдээ