Шинэ төрлийн цох хорхойг Грета Тунбергийн нэрээр нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-10-28 14:06:18

ЛОНДОН. /TASS/. Их Британийн эрдэмтэн Майкл Дарбигийн нээсэн шинэ төрлийн цох хорхойг Шведийн байгаль орчныг хамгаалагч идэвхтэн Грета Тунбергийн нэрээр нэрлэсэн тухай Sky News сувгаар мэдээлжээ.


“Nelloptodes gretae” нь нэг мм хүрэхгүй урт, нүд, далавчгүй боловч чиг баримжаа авдаг сахалтай жижигхэн цох хорхой ажээ.


Цох хорхойн үл мэдэгдэх уг төрөл албан ёсоор "нээгдэж", латин нэр авахаасаа өмнө Лондоны Байгалийн түүхийн музейд 40 гаруй жилийг өнгөрөөсөн байна. Энэхүү цох хорхой нь 1960-аад оны үед Их Британийн байгаль судлаач Уильям Блокийн Кени улсад судалгаа хийх үеэрээ цуглуулсан хөрсний дээжүүд болон навчнуудын дунд байжээ. Уильям Блок цуглуулгаа 1978 онд Байгалийн түүхийн музейд шилжүүлэн өгсөн боловч түүнийг нь Дарби энэ жил л судалсан бөгөөд одоог хүртэл судлагдаагүй жижигхэн цох хорхой түүний анхаарлыг татсан байна.


“Идэвхтэн охины ажил надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн учраас би ийм нэрийг сонгож, байгаль орчныг хамгаалах асуудалд олны анхаарлыг хандуулахад оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь онцлохыг хүссэн” гэж Дарби ярьжээ.


Холбоотой мэдээ