“Apple” компани их хэмжээний орлого олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-31 10:45:37

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” компанийн улирлын орлого 2 хувиар өсөж, тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт буюу 64 тэрбум ам.долларт хүрчээ.


“Бид есдүгээр сарын 28-нд дуусгавар болсон дөрөвдүгээр улиралд хамгийн их орлого олсноор, 2019 оны санхүүгийн жилийн хугацааг дуусгалаа. Энэ нь манай үйлчилгээний хэсгүүд, өмсөж, зүүх зориулалт бүхий төхөөрөмжүүд болон iPad-ны борлуулалт хурдацтай өссөнтэй холбоотой. 2019 оны дөрөвдүгээр улиралд зөвхөн “Apple” компанийн үзүүлсэн үйлчилгээнүүдээс гэхэд 12.5 тэрбум ам.долларын орлого оллоо” гэж тус компанийн тэргүүн Тим Кук тайлан мэдээ нийтлэгдсэнтэй холбогдуулан мэдэгдсэн байна.


Улирлын цэвэр орлогын хувьд 2018 оны санхүүгийн жилийн мөн үеийн 14.125 тэрбум ам.доллартой харьцуулахад 13.686 тэрбум ам.доллар болж буурсан байна. Бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын хэмжээ Хойд болон Өмнөд Америкт 29.3 тэрбум ам.доллар, Европын орнуудад 14.946 тэрбум ам.доллар, БНХАУ-д 11.134 тэрбум ам.доллар, Японд 4.982 ам.доллар, Ази-Номхон далайн бүс нутагт 3.656 тэрбум ам.долларт хүрчээ.


“Apple” компанийн “iPhone” ухаалаг гар утаснууд бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад урьдын адил хамгийн их орлого авчирсан хэвээр байна. “iPhone”-ы борлуулалтын хэмжээ 2019 оны санхүүгийн жилийн дөрөвдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бага зэрэг буурч, 33.362 тэрбум ам.доллар болсон байна. Өнгөрсөн оны мөн үед 36.755 ам.долларын ухаалаг гар утсууд борлуулж байжээ. “iMac” компьютеруудын хувьд  тус компани 6.991 тэрбум ам.долларын /2018 онд 7.340 тэрбум ам.доллар/ борлуулалт хийсэн бол таблетуудын борлуулалтын хэмжээ 4.656 тэрбум ам.доллартой /2018 оных 3.983 тэрбум ам.доллар/ тэнцжээ.


Үүний зэрэгцээ улирлын санхүүгийн тайлан гаргах үед хувьцаа эзэмшигчдэд олгодог ногдол ашиг 21 тэрбум ам.доллароос давжээ.


“Apple” компанийнхан 2020 оны эхний улиралд 85.5-89.5 тэрбум ам.долларын орлого олно гэж таамаглаж байгаа бол үйл ажиллагааны зардал 9.6-9.8 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгаа аж.


Холбоотой мэдээ