“Бизнесээ эхэл” сургалтад 16 бизнес эрхлэгч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-01 18:41:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-аас аравдугаар сарын 28-наас эхлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан "Бизнесээ эхэл" таван өдрийн сургалт зохион байгууллаа.

Дани-Монголын нийгэмлэгийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-ын “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү сургалтад 16 бизнес эрхлэгч оролцон, бизнесийн суурь мэдлэгтэй болж, бизнесийн төсөл боловсруулах дадлага чадвар эзэмшсэн юм.

Сургалтад оролцогчид таван өдрийн турш олж авсан бизнесийн суурь мэдлэгтээ тулгуурлан өөрийн бизнес санааг үзэл баримтлал болгон хөгжүүлж, бизнесийн төслөө боловсруулжээ.

Сургалтын төгсгөлд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир амжилт хүсч, аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсээд “Бизнесээ эхэл” сургалтын батламжийг гардуулан өглөө.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөр нь дэлхийн 100 гаруй оронд хэрэгждэг “Бичил, жижиг бизнесийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ  оруулах” зорилго бүхий хөтөлбөр юм. 

Холбоотой мэдээ