Төв аймгийн төрийн албан хаагчдад АТГ-аас сургалт хийлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-11-05 16:26:39

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн 180 гаруй төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, авлигын гэмт хэрэг, зөрчлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн талаар тусгай сэдэвчилсэн сургалтыг явууллаа.

Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэхэд иргэдийн үүрэг оролцоог таниулах, шударга ёсыг тогтооход олон нийт яаж оролцох, хэрхэн хяналт тавих, авлигатай тэмцэх арга замын талаар мэдээлэл өгчээ. Энэ үеэр авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утас ажиллаж байгааг дуулгажээ.

Мөн “Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт уулзалт зохион байгуулж, “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг аймгийн “Монгол туургатан театр”-т зохиосон байна.

Төв аймагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаатай танилцан, 2018-2019 онд Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг шалгасан байна.




Холбоотой мэдээ