С.Батжаргал: Төрийн албан хаагчид ажилд хандаж байгаа хандлагаа өөрчлөх, бүтээлч байх, санаачилга гаргаж ажиллах нь чухал

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-11 21:33:07

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын дарга Сэмжидийн Батжаргалтай Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцлаа.


-Энэ оны 1-р сарын 1-нээс эхлэн Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, мөрдөж байгаа. Тэгэхээр энэ хуулийн талаар мэдээлэл өгөөч?

-Энэ хуулинд зарчмын хэд хэдэн шинэлэг зохицуулалт байгаа. Тухайлбал, чадахуйн зарчим /мерит/ буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахад хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг тусгасан. Мэдлэг чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ төрийн албанд шатлан дэвших тогтолцоог нэвтрүүлсэн. Түүнчлэн төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнд тавих хяналтыг сайжруулж, хариуцсан ажил үүргээ хангалтгүй зохион байгуулж гүйцэтгэсэн албан хаагчид хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, ажлын гүйцэтгэл, үр дүнгээр нь төрийн албан хаагчдыг урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон.

Төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх үзэл санааг тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, төрийн алба тогтвортой байх, сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчдыг өөрчилдөг тогтолцоог арилгаж өгсөн. Мөн төрийн албанд ажиллаж байгаагүй хүн байгууллага удирдах нь төрийн албан хаагчдын бухимдлыг төрүүлдэг, төрийн албыг ойлгохгүй байгаа гэсэн янз бүрийн шүүмжлэлүүд энд тэнд мэр сэр гардаг байсан.

Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийн хамгийн гол үзэл санаа нь дээр хэлсэнчлэн шатлан дэвшүүлэх буюу мерит зарчмыг баримтлахыг хуульчилсан явдал юм. Жишээ нь сумын ЗДТГ-т анх мэргэжилтнээр  ажилд орж байгаа боловсон хүчин найман жилийн дараа тухайн сумын ЗДТГ-ын дарга болох тогтолцоог бүрдүүлсэн. Аймгийн ЗДТГ-т, аймгийн төрийн байгууллагад анх мэргэжилтнээр орж байгаа шинэ төгсөгч  12 жилийн дараа гэхэд аймгийн ЗДТГ-ын дарга болохоор ийм тогтолцоог бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, анх ажилд орж байгаа төрийн албан хаагч маань заавал туслах түшмэлийн доод талын ангиллаас эхлэх юм. Дэс түшмэл буюу мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэхийн тулд урд өмнө нь заавал туслах түшмэлийн ажлыг хийсэн байх ёстой. Тэрчлэн байгууллагын дарга буюу ахлах түшмэлийн ажлыг хийхийн тулд урд өмнө нь тодорхой түвшинд дэс түшмэлийн ажлыг хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хуульчилж өгснөөрөө энэ хууль онцлог болсон. Ахлах түшмэлийн ангилалд буюу агентлагийн даргаар ажиллах хүн маань төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хуулиар тогтоосон гэсэг үг. Гэхдээ  тухайн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан дээрх ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан тохиолдолд шатлан дэвшүүлж болохоор заасан байгаа. Энэ нь төрийн албан хаагч өөрөө хичээж сайн ажиллавал шатлан дэвших бололцоог нээлттэй болгосон гэсэн үг.

Хоёрдугаарт төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт гэж тухайн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр үе үе өөрчлөлтөд ордог зөрчил, дутагдал цөөнгүй гардаг байсан. Үүнийг шинэ хуулиар хаачихсан. Нэг ёсондоо төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын албан тушаалтан бүрийн албан тушаалын тодорхойлолт гэдэг асуудлыг урд нь байгууллагын удирдлага өөрөө баталдаг байсан бол одоо байгууллагын удирдлага саналаа өгөөд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөр орж хэлэлцэгдээд зөвшөөрсөн нөхцөлд тухайн албан тушаалын тодорхойлолтыг баталж байгаа. Ингэж баталсаны ач холбогдол нь цаашид хуулинд өөрчлөлт орж тухайн албан тушаалын нөхцөл өөрчлөгдөхөөс бусад нөхцөлд өөрчлөхийг хориглож байгаа. Жишээ нь, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт нэгэнт л батлагдсан бол тэр албан тушаалд дахиж өөрчлөлт орохыг хааж өгсөн. Дахиж энэ албан тушаал дээр бүтцийн өөрчлөлт хийх эрхгүй гэсэн үг.

Үүнээс гадна төрийн албаны шалгалт хоёр үе шаттай болсон. Нэгдүгээрт, анх дээд сургууль төгссөн, зарим нөхцөлд дээд сургууль төгссөн байх шаардлагагүй иргэд төрийн албаны шалгалт өгөх эрх нь нээлттэй болсон. Энэ шалгалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс нэгдсэн байдлаар жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ шалгалтад тэнцсэн хүн гурван жилийн хугацаатай төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэнэ. Үүний дараагаар сул орон тооны буюу албан тушаалын шалгалт зарлагдсан нөхцөлд тухайн сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг буюу мэргэжил, мэргэшил, мэдлэг, ур чадварт нийцэж байгаа ямар ч боловсон хүчин нөөцөөс албан тушаалын тусгай шалгалтад оролцох эрхтэй болно.

Өөрөөр хэлбэл, эхний ерөнхий шалгалтад тэнцсэн хүмүүс хоёрдугаар шатанд өөрийнхөө мэргэжил, мэдлэгт таарч байгаа мэргэжилд дахиж шалгалт өгнө гэсэн үг. Энэ нь албан тушаалын тусгай шалгалт гэж хуулиараа нэрлэгдэж байгаа. Албан тушаалын тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэнийг тухайн байгууллага албанд нь томилох үүрэгтэй.

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийг дагаж 47 журам заавар шинэчлэгдсэн. Тухайлбал, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны асуудал, шилжүүлэн томилох, цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг хэрхэн яаж тооцож олгох, дэвшүүлэх, чөлөөлөх, хариуцлага тооцох, ёс зүй гэх мэт асуудлыг зохицуулсан 47 журам шинээр батлагдан мөрдөгдөж байгаа.

-Манай аймагт хэчнээн төрийн албан хаагч ажиллаж байгаа вэ?

-Аймгийн хэмжээнд 4955 төрийн албан хаагч эрүүл мэнд, боловсрол, төрийн захиргаа, төрийн тусгай гэх мэт ангилалд ажиллаж байна. Үүнээс төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн хурлаар оруулах, зөвшөөрөл авах ажлуудыг үндсэндээ хийж дууссан.

-Төрийн албан хаагчдыг хэрхэн чадавхжуулж байгаа вэ?

-Төрийн албан хаагч сургуулиа төгсөж ирснээс хойш мэргэжлийн сургалтад суухгүйгээр олон жил болчихдог. Үүнээс болоод төрийн албан хаагчийн мэдлэг мэргэжил, чадавхийн асуудал яригддаг. Иймээс шинэ цагийн хөгжил дэвшилтэй уялдуулж төрийн албан хаагч нарыг сургахаас өөр аргагүй. Төрийн албан хаагчийн хуулинд туссан томоохон өөрчлөлт бол төрийн албан хаагч бүр мэргэшүүлэх багц цагийн сургалтыг дүүргэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

Энэхүү мэргэшүүлэх сургалт нь ямар ач холбогдолтой вэ гэхээр гүйцэтгэх түвшний мэргэжилтэн бол ийм түвшний мэдлэг мэргэжлийг заавал эзэмшсэн байх ёстой, анх ажилд орж байгаа төрийн албан хаагч ийм түвшнийг, удирдах албан тушаалтан бол ийм мэдлэг мэргэжил эзэмшсэн байх ёстой гэсэн мэргэшүүлэх багц цагийн сургалтын агуулгыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, аймгийн ЗДТГ-ын дарга нар сургалтад хамрагдаад дууссан. Одоо ахлах түшмэлийн ангилалд хамрагддаг төрийн захиргааны албан хаагч нар буюу албан байгууллагын дарга, удирдлагуудыг хамруулах сургалт удахгүй эхлэх гэж байна. Үүний дараагаар 2020 онд дэс түшмэлийн буюу мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх багц цагийн сургалтуудыг ээлж дараатай явуулна.

Цаашид төрийн албанд орж байгаа иргэн эхлээд мэргэшүүлэх багц цагийн сургалтыг дүүргэсний дараагаар тухайн төрийн албанд томилогдох ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа.

Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад компьютерийн, харилцаа хандлагын гэх мэт төрийн албаны анхан шатанд тавигдах шаардлагуудыг харилцан адилгүй хангаж буй, янз бүрийн мэдлэг боловсролтой хүмүүс ирдэг. Тиймээс бичиг хэргийн стандарт, албан хэргийн найруулга зүй, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, бодлогын зөвлөгөө өгөх гэх мэт төрийн албан хаагч бүрийн эзэмшсэн байвал зохих нийтлэг мэдлэг, ур чадвар, шаардлагыг анх орж байгаа төрийн албан хаагч нарт эзэмшүүлж, мэргэшүүлэх багц цагийн сургалтыг хуульчилж өгсөнд Төрийн албаны шинэчилсэн хуулийн бас нэгэн онцлог оршиж байгаа юм.

Энэхүү сургалтыг Удирдлагын академид явуулахаар Засгийн газрын шийдвэр гарсан. Удирдлагын академи өмнө нь төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлагын менежмент гэсэн чиглэлээр оюутан сургадаг байсан бол энэ бүх ангийг зогсоож, үйл ажиллагааг нь өөрчилсөн. Одоо Удирдлагын академи нь Монгол Улсын төрийн албаны сургууль болсон бөгөөд төрийн албанд анх орж байгаа иргэн болон төрийн албан хаагчдаа дадлагажуулах, мэдлэгжүүлэх сургалтуудыг зохион байгуулаад явж байна.

-Төрийн албаны мэргэжлийн шалгалтыг яагаад явуулахгүй байгаа вэ?

-Энэ хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор 2019 онд төрийн албаны мэргэжлийн шалгалт явуулаагүй. Төрийн албаны шалгалт хоёр үе шаттай болсон. Энэ оны анхны шалгалтыг 2019 оны 11-р сард зохион байгуулахаар болж, бүртгэл нь Монгол Улс даяар нэгэн зэрэг хийгээд дууссан. Увс аймгийн хэмжээнд 289 иргэн төрийн албаны мэргэжлийн шалгалтад орохоор бүртгүүлсэн байгаа. Энд албан тушаал заагаагүй, анхан шатны шалгалт тул хүн бүрт нээлттэй. Шалгалтад тэнцсэн иргэд хоёр дахь шатны буюу тусгай шалгалтад орж өөрийнхөө мэргэжилд таарч байгаа, тавигдах шаардлагыг нь хангаж байгаа тэр албан тушаал дээрээ өрсөлдөх юм. Энэ сарын 1-ний байдлаар Увс аймгийн хэмжээнд төрийн захиргааны 65 сул орон тооны захиалга Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирээд байна.

Өмнө нь нэг тестийн номноос бүх асуулт ирдэг байсан бол одоо тестийн сан байнга өөрчлөгдөх юм. Ямар тест ирэх нь шалгалт бүр дээр харилцан адилгүй байна гэсэн үг. Энэ удаагийн шалгалт анхных тул урьдчилаад хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан мэргэжлийн ерөнхий шалгалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл онлайнаар бүртгэсэн, аймаг оролцоогүй. Харин аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд компьютер техник хэрэгсэл гаргаж өгч, шалгалтад бүртгүүлэхээр ирсэн иргэдэд заавар зөвлөгөө өгсөн. Төрийн албаны зөвлөлөөс төлөөлөл ирж шалгалт зохион байгуулна. Аймгаас шалгалт авах өрөө байр, нөхцөл боломжоор хангаж ажиллана.

-Энэ хуулийг хэрхэн олон нийтэд сурталчилж байгаа вэ?

-Монгол Улсын төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж гарсан журам заавруудыг ард иргэд, албан байгууллагуудад сурталчлан таниулах ажлуудыг энэ жил үе шаттай хийсэн. 2019 онд давхардсан тоогоор 10 удаагийн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахад 800 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, төрийн албаны тухай хууль, тогтоол шийдвэр, заавар журмуудын өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдлэг мэдээлэлтэй болсон. Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн гишүүн Цэдэндамбаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 6-р сард Увс аймагт ирж сумдын ЗДТГ-ын дарга нар, төрийн байгууллагуудын дарга удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд гурван хоногийн сургалт зохион байгуулсан. Өнгөрсөн 10-р сард Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Алтанзулаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ирж төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын талаар улсын үзлэг явуулсан.

-Сонгууль дөхөөд ирэхээр төрийн албан хаагчид ажлаасаа халагдах вий гэсэн айдаст автдаг байсан үе ард хоцорчээ дээ?

-Хууль эрх зүйн орчин нөхцөл нь энэ тал дээр маш сайн хамгаалалт хийж өгсөн. Нэгдүгээрт, буруутай шийдвэрийн улмаас халж сольсон байвал хариуцлагаа удирдах албан тушаалтан өөрөө хүлээдэг болсон. Хоёрдугаарт, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нэрээр хүчээр ажлаас чөлөөлдөг байсныг 100 хувь хаасан. Энэ тал дээр хууль эрх зүйн хувьд дархлаа үүссэн тул манай төрийн албан хаагчид айх явдал ард хоцорсон.

Үүнээс гадна шинэ хуулиар төрийн албан хаагчдын цалин хөлс дээр өөрчлөлт гарсан. Урд өмнө нь төрийн үйлчилгээний албан хаагч нар төрд ажилласан жилийн нэмэгдэл авдаггүй байсан. Тэгвэл 2020 оны 1-р сарын 1-нээс эхлээд төрийн үйлчилгээний албан хаагч нар төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл авна.

-Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмж хэвээрээ юу?

-Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад ажилласан жилтэй нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Өөрөөр хэлбэл, 20 жил ажилласан бол 20 сарын тэтгэмж, 36 жил ажилласан бол 36 сарын тэтгэмж олгоод явж байгаа. Дээд хэмжээ нь 36 сарын тэтгэмжээс хэтрэхгүй нөхцөлтэй. Анх төрийн захиргааны албан хаагч нарт өгч эхэлсэн энэ тэтгэмж төрийн тусгайгийнханд мөн олгодог болсон. Одоо 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний албан хаагч нар тэтгэмж авахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад үйлчлэгч, тогооч, жижүүр, жолоочоор ажиллаж байсан хүмүүс тухайн байгууллагын дотоод журмаар 3, дээд тал нь 6 сар хүртэл хугацааны тэтгэмж авдаг байсан бол шинэ хуулиар хэрвээ тухайн иргэн төрд 36 жил ажиллаад тэтгэвэрт гарсан бол 36 сарын тэтгэмж авна. Харин 25 жил ажилласан бол 25 сарын тэтгэмж авахаар болсон.

-Ирэх жилийн сонгуульд нэр дэвших сонирхолтой төрийн албан хаагч нар ажлаасаа хэдийд чөлөөлөгдөх ёстой вэ?

-Сонгуульд нэр дэвших эсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Хэрвээ сонгуульд нэр дэвших гэж байгаа төрийн захиргааны албан хаагч байгаа бол сонгуулийн жилийн 1-р сарын 1-нээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуульд нэр дэвших гэж байгаа төрийн жинхэнэ албан хаагч нар 2020 оны 1-р сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой гэсэн хуулийн шаардлага байгаа.

-Увс аймагт төрийн албан хаагч нар гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь хэр байна?

-Хүний амьдрал баян болохоор янз бүрийн асуудал гаралгүй л яахав. Төрийн албан хаагч нар гэмт хэрэг, зөрчилд холбогдсон судалгааг гаргаж өгөөч гэж аймгийн Цагдаагийн газарт хандахад 40 гаруй төрийн албан хаагчийн жагсаалтыг өгсөн. Энэ нь ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн зарим нөхцөлд зөвшөөрөлгүй газар тамхи татсан гэх мэт зөрчлүүд байсан бөгөөд тухайн төрийн албан хаагч нарт хариуцлага тооцсон, торгосон, шийтгэсэн судалгаа ч бий.

-Энэ дөрвөн жилд төрийн албан хаагч нар ажлаас чөлөөлөгдсөн явдал гарсан уу?

-Ажил олгогчийн буруутай шийдвэрээс болж төрийн албан хаагчийг ажлаас нь халж, сольж, эргээд шүүхээр тогтоогдоод орж байгаа асуудал байна. Нөгөө талаас ажилтан өөрөө ёс зүй, сахилгын асуудал гаргаж ажлаас чөлөөлөгдөж байгаа асуудал байна. Энэ асуудал шүүх байгууллага дээр очихоороо янз бүрээр шийдэгддэг.

Удирдлагын буруутай шийдвэрээс болж буцаж ажилдаа орсон иргэнд төрөөс нөхөх олговор олгодог. Энэ нөхөх олговрыг олгосон нөхцөлд буруутай шийдвэр гаргасан этгээд нь төлнө. Үүний араас нэхэмжлэх үүрэгтэй байгууллага нь Монгол Улсын төрийн албаны зөвлөл, аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл юм.

-Сүүлийн мөчийг танд үлдээе?

-Төрийн албан хаагчиддаа хандаад хэлэхэд төрийн алба тогтвортой болсон, хууль эрх зүйн хувьд улс төрийн сонгуулийг дагаж савлахгүй байх баталгаа нь хангагдсан. Хамгийн гол нь төрийн албан хаагчид мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх, ажлын байрандаа тавигдаж байгаа шалгуур шаардлагыг хангах, ажилд хандаж байгаа хандлагаа өөрчлөх, бүтээлч байх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр өөрсдөө санаачилга гаргаж ажиллах нь чухал. Иймээс та бүхэн энэ талаар хичээж ажиллаарай гэж хэлэх байна.

-Танд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ