Н.Урансанаа: Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэд 160 гаруй төрлийн үйлчилгээг авах боломжтой

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-13 16:26:58

Увс /МОНЦАМЭ/. Ард иргэдэд төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, төрийн өмчит томоохон компаниудын үйлчилгээг нэг дороос хүргэх таатай боломж бүрдүүлсэн Үйлчилгээний нэгдсэн төв Улаангом суманд байгуулагдаад цөөнгүй сарын хугацаа өнгөрч байна. Цаг зав хэмнэсэн, тав тухтай, үйлчилгээ сайтай, цэвэрхэн орчинд иргэн та төрийн үйлчилгээг авахыг хүсвэл Үйлчилгээний нэгдсэн төвөөр зочлоорой. Ингээд тус төвийн дарга Нямаагийн Урансанаатай цөөн хором хөөрөлдлөө. 


-Үйлчилгээний нэгдсэн төвийг хэзээ байгуулсан бэ? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?

-Сайн байцгаана уу. Өмнө нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2013 оны Засгийн газрын 153 тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг аймаг, сумдад байгуулахыг үүрэг болгосноор тус төв маань Увс аймагт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.

Миний хувьд 2019 оны 6-р сарын 10-ны өдрөөс хойш Үйлчилгээний нэгдсэн төвийг хариуцан ажиллуулж байна. Энэ онд шинээр батлагдсан Засгийн газрын 4 дүгээр сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоолын дагуу 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Үйлчилгээний нэгдсэн төв” гэсэн нэртэйгээр операторын хэлбэрийн үйлчилгээнд шилжсэн байгаа. Энэ нь их оновчтой шийдвэр болсон. Учир нь үйлчилгээ үзүүлж болох бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхийг зорьж байна. Одоогоор төрийн болон төрийн өмчит компаниуд гээд 20 гаруй байгууллагын төлөөлөл манай төвд байрлаж 160 гаруй төрлийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Тодруулбал, Нийгмийн даатгалын хэлтсийн Сайн дурын даатгал хариуцсан хүн 6 төрлийн, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 13 төрлийн, хөдөлмөр зуучлалын асуудал хариуцсан хүн 5 төрлийн үйлчилгээ үзүүлж байх жишээтэй. Мөн Газрын харилцаа, барилга зохицуулалтын газрын 3-р багийг хариуцсан Газрын даамал, Төрийн банк, Хууль зүйн туслалцааны төв, 3-р багийн Засаг дарга, нийгмийн ажилтантайгаа манайд сууж байгаа. Үүнээс гадна “Чандмань-Увс” ХХК, “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Дулааны 2-р станц ТӨХК-иудын төлөөлөл төлбөр тооцоогоо авч, НӨАТ-ын баримтаа газар дээр нь олгож байна. Мөн Авто тээврийн төвийн төлөөлөл хот хоорондын автобусны тасалбар бичдэг. Мөн канон, компьютер, Мобиком, “Хур систем”, буфет гэх мэт үйлчилгээ төвлөрсөн нь үйлчлүүлэгчид чирэгдэлгүй, түргэн шуурхай ажлаа амжуулах бүрэн боломжтой. Цэвэрхэн, тав тухтай орчинтой, зохион байгуулалт сайтай гээд манайхаар үйлчлүүлсэн хүмүүс ам сайтай байдаг.

-Танай төвөөр хүмүүс хэр их үйлчлүүлж байна вэ?

-Манай байгууллага нь долоо хоногт давхардсан тоогоор 1500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь тогтмол тоо л доо. Гуравдугаар улирлын байдлаар 28684 иргэнд үйлчилгээ үзүүлээд байна. Манайд дараалал их үүсдэг. Нэг ажил амжуулах гэсэн хүнийг дагаад гэр бүлийн 3-4 хүн хамт явах тохиолдол бий. Энэ нь дараалал үүсгэсэн мэт харагдуулдаг тул иргэн өөрөө өөртөө үйлчлэх “Таны танхим”-ыг нээсэн. Энд тухайн хүмүүс маань интернэт орох, даралтаа үзэх, хэрэгтэй мэдээ мэдээлэл авах, таксинд дуудлага өгөх гэх мэтээр өөртөө цаг гаргах боломжтой өрөөг тохижуулсан. Мөн 40 хүний суудалтай сургалтын өрөө бий. Ямар нэгэн хурал зөвлөгөөн, сургалт хийхэд зориулсан үнэ төлбөргүй танхим байгаа. Байгууллагууд хүссэн үедээ цагаа аваад сургалт семинараа хийж болно.

-Энд ажиллаж байгаа хүмүүсийн цалин урамшууллыг яаж олгодог вэ?

-Манай төвд ажиллаж байгаа 18 байгууллагын төлөөлөл маань тухайн байгууллагаасаа цалин урамшууллаа аваад явдаг.

-Үйлчилгээний төвийнхөө үйл ажиллагааг сайжруулахаар ямар ажлууд хийж байна?

-Одоогоор өрөө тасалгаанууд маань бүгд дүүрсэн. Манайхаар өдөрт дунджаар 350 гаруй хүн үйлчлүүлдэг. Бие биетэйгээ уулзаагүй удсан хүмүүс, дугаарлаж байгаа хүмүүс, найз нөхдөөрөө хамт яваа гээд янз бүрийн үйлчлүүлэгчид манай төвөөр ирдэг. Тиймээс тав тухтай, таатай орчин бүрдүүлэхийн тулд жижиг буфет нээсэн. Ус ундаа, кофе, аяганы бялуу, халуун аарц, жүүс зэргийг уунгаа яриа өрнүүлэх боломжтой. Гадаадын улс орнуудад ийм төрлийн үйлчилгээ их хөгжсөн байдаг. Цаашид кофе shop оруулах бодолтой байгаа.  

Мөн хурууны хээгээ уншуулаад 10 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой "Хур систем"-ийг байршуулсан. Эндээс иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн баталгаа, тэтгэмж, эд хөрөнгийн баталгаагаа иргэд авах боломжтой. Түүнчлэн манай аймагт үйл ажиллагаа явуулдаг үүрэн холбооны оператерууд нэгдээд гар утас, кейс, нэгж зэргийг зардаг, мөн шинээр дугаар авах, утасны төлбөрөө төлөх боломжтой нэг цэгийн үйлчилгээг ажиллуулж байна. Үүнээс гадна Төрийн банкны АТМ-ийг гаднаа байршуулсан.

Манай хойд хөршид Үйлчилгээний нэгдсэн төвүүд сайн ажилладаг бөгөөд нэг дор 55 байгууллагын үйлчилгээг үзүүлдэг гэсэн. Хүүхдээ тэврээд ороход хүүхдэд зориулсан өрөө хүртэл байдаг юм билээ. Үйлчилгээний нэгдсэн төвийг тийм хэмжээнд хүргэж ажиллуулахын төлөө чадахаараа хичээнэ дээ.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ