Усархаг борооны улмаас Венец хотын 80 гаруй хувь нь усанд автжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-11-13 10:42:36

РОМ. /TASS/. Италийн Венец хотын усны түвшин 183 см-т хүрч, хотын 80 гаруй хувь нь усанд автжээ. Хотын захиргаанаас онцгой байдал зарлахад бэлэн байна гэж ANSA агентлаг мэдээллээ.


Венец хотын Гэгээн Маркийн талбай усанд бүрэн автаж, тэндхийн усны түвшин 1 метрээс  давжээ. Уг талбайтай адил нэртэй сүм мөн усанд автсаныг ANSA агентлаг мэдээлсэн байна.


Усны түвшин хамгийн өндөр хэмжээнд хүрсэн тохиолдол 1966 онд бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үед усны түвшин 190 см хүртэл нэмэгдэж, зөвхөн Венец төдийгүй Флоренц зэрэг Италийн бусад хот усанд автаж байжээ.


“Энэ удаад бид жинхэнэ гамшигт нэрвэгдэж байна, хохирол амсах нь гарцаагүй" гэж Венец хотын дарга Луижи Бруниаро хэлээд гадагш гарахгүй байхыг оршин суугчдад зөвлөсөн байна.


Адриатын тэнгисийн булангийн хэд хэдэн арал дээр орших Венец хотод “өндөр ус” гэгч өвөрмөц үзэгдэл болдог. Уг үзэгдэл нь далайн түвшин нэмэгддэгтэй холбоотой бөгөөд сарны мөчлөг болон далай түрлэгээс хамааран ихэвчлэн намар хавар тохиолддог ажээ.


Усны түвшин мөн энэ удаагийнхтай адил борооны улмаас нэмэгддэг бөгөөд мөн далайгаас үлээсэн салхи нөлөөлдөг байна.


Холбоотой мэдээ