“Охидын эрхийг хамгаалья” өдөрлөг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Эрх зүйн хөтөч” багаас сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Цагдаагийн газартай хамтран тус суманд “Охидын эрхийг хамгаалья” өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт сумын Ерөнхий боловсролын
сургуулийн 5-12 дугаар ангийн 380 гаруй охид хамрагджээ.
Оролцогч охидуудад аймгийн цагдаагийн
газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч, дэд
хурандаа Ж.Жавзандулам Сэтгэл хөдлөлөө хянах, Цахим орчны зөв зохистой хэрэглээ
сэдвээр, Сум дундын эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Насандэлгэр Нөхөн үржихүйн боловсрол
олгох сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, мэдлэг олгожээ.
Энэ үеэр хагас болон бүтэн өнчин таван охинд байгууллагууд гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулсан бөгөөд ээж нь
Солонгос улсад ажил хийхээр яваад 2 жил болж байгаа охины ээжийнх нь мэндчилгээг дэлгэцээр харуулж хүргэсэн байна.
Мөн дотуур байранд амьдардаг 134 хүүхдэд хулгайн аюулаас сэрэмжлэх, гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах, аюулгүй
байдлаа хэрхэн хангах талаар мөн сургалт хийжээ.