Б.Буджаргал 6 өдөр, шөнийн гүйлтэд хурдаа сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-19 09:57:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивд анх удаагаа БНХАУ-ын Шямин хотноо энэ сарын 30-наас зохион байгуулах 6 өдөр, 6 шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн тэмцээнд Монголын тамирчин Б.Буджаргал хурдаа сорино.


Б.Буджаргал 2013 онд 24 цагийн гүйлтэд 180 км зайг туулж Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд АНУ-ын Нью-Йорк хотноо 2014 онд болсон зургаан өдрийн гүйлтэд 485 км замыг туулж V байр эзэлсэн юм.


Тэрбээр 2015 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 780 км замыг давж X байр, 2016 онд тус тэмцээний 10 өдрийн гүйлтэд 970 км туулж IV байр, 2017 оны 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр, 2018 оны дөрөвдүгээр сард 10 өдрийн гүйлтэд 1304 км, 2019 оны нэгдүгээр сард Аризонад болсон зургаан өдрийн гүйлтэд 787 км гүйж, тавдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж тэргүүн байрт тус тус шалгараад байна.


Мөн энэ онд АНУ-ын Милвакий хотноо зургаан өдрийн гүйлтэд оролцож, 784 км гүйж V байр эзлэн монгол хүний тэсвэр тэвчээр хатуужлыг дэлхий дахинд харуулсан юм. Б.Буджаргал 2020 оны зургаадугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулах 52 хоног үргэлжилдэг дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож дээд амжилтыг эвдэх зорилготой бэлтгэл сургуулиа хийж байгаа аж. Тус тэмцээний дээд амжилтыг эзэмшиж буй тамирчин 40 хоног, 16 цагт 5000 км замыг туулсан байдаг.

Холбоотой мэдээ