Н.Цэрэнбат: Хариуцах эзэнгүй талбайг нөхөн сэргээхэд 186.8 тэрбум төгрөг шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-19 17:13:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /БОХХААБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг, хуулийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулжээ. 


Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг дагалдуулан Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ХЗДХЯ-тай хамтран нийт 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгасан байна.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат  нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар өгөв. 


Уул уурхайг дэмжих зөвшөөрөл төрийн нэг байгууллага нь олгож байхад нөгөө талд байгаль орчныг хамгаалах зорилгоор салбарын яам ажиллах шаардлага тулгардаг байна. Уул уурхайн компаниуд томоохон хүнсний дэлгүүрээс бага хэмжээний татвар төлдөг атлаа дахин давтагдашгүй байгалийн баялгийг олборлож, байгаль орчныг хөнөөж байдаг талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариултдаа дурдав. Одоогоор нөхөн сэргээх шаардлагатай, хариуцах эзэнгүй талбайг хамгийн бага үнэлгээр нөхөн сэргээх зардал нь 186.8 тэрбум төгрөг шаардлагатай.  Хариуцах эзэнтэй атлаа нөхөн сэргээгээгүй 23.000 га талбай бий гэдгийг тэрбээр мэдээлсэн. Тухайн орон нутгийн удирдлагууд нь холбогдох талбайн нөхөн сэргээх ажлаа эрчимжүүлэх албан бичиг, шаардлагыг тогтмол хүргүүлж ажиллаж байгаа гэв. Тиймээс байгаль орчны салбарын хууль тогтоомж хоорондын хийдэл, давхардал, зөрчил, салбар хоорондын буруу ойлголцлыг арилгах үүднээс дээрх хуулийн төслийг боловсруулсныг онцоллоо. 


Ингээд санал хураахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ