"Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв" үзэсгэлэн Үндэсний төв номын санд нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-25 19:02:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хааны мэлмий гийсний 857 жил, Бүгд найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ой, Богд хааны мэндэлсний 150 жилийн ойд зориулсан "Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв" үзэсгэлэн Үндэсний төв номын санд өнөөдөр нээгдлээ.


Энэ үзэсгэлэнд Монголын үндэсний төв номын санд хадгалагдаж байгаа үнэт судар, алтадсан, мөнгөлсөн  судрын бар, алт, мөнгөн бурхны шуумалтай Богд хааны ховор ном судрууд, Богд хаант засгийн соёмбот туг, Сайн ноён хан, Сэцэн хан аймгийн соёмбот туг зэргийг дэлгэжээ.  Эдгээр тугийн эхэнд "Чингисээс эхэлсэн халхын ноёдын ургийн бичиг"-ийг залжээ.


Бичгээр үйлдсэн анхны угийн энэ бичгийг тойрог хэлбэрээр уран гоё бичсэн байна. Голын дугуй зайд  Чингис хаанаас 1549 онд Гэрсэнз тайжийг нас барах хүртэлх угийн бичгийг бичжээ. Харин тойрог бичгийн дөрөвний нэг тус бүрт Халхын дөрвөн аймгийн засаг ноёдын удам угсааг бичжээ. Ингэснээр дээрх бичгээс 1796 он хүртэлх Чингис хааны ургийн удам угсааг мэдэж болохоор байна.


Энэ үзмэрийн дагалдуулан Б.Амарсанаа гэж залуу хувийн цуглуулгаа дэлгэсэн байв. Түүний энэ цуглуулгад Эрдэнэ жово хийдийн лам Гончигжанцангийн Сахиусан хүрдэн, Үйлс тэтгэх Соёмбот хийморийн дарцаг, Соёмбо шүтээн, зээгт наамал, хөөмөл, цутгамал болон пааландсан соёмбо гээд эртний хийц урлалтай олон төрлийн соёмбо байна. Тэрбээр, монгол соёмбыг онцолж аваад сүүлийн гурван жил цуглууллаа.  Иргэдийн гар дээр олон янзын соёмбо байдаг юм байна. Бүгдийг нь худалдаж авсан. Эрт дээр үеийн ховор соёмбо нэлээдийг олж  авлаа. Эдгээр соёмбо бүтээлийг банканд хадгалуулдаг гэв.



Мөн эдгээр соёмбо үзмэрийг лам, уран бичээч Ц.Мөнх-Эрдэнийн бичсэн "Монгол Улсын төрийн дуулал", Өндөр гэгээн Занабазарын зохиосон "Цагийн төвхнүүлэгч залбирал буюу Жанлав чогзол"  тарнийн хураангуйгаар чимсэн байна. "Эдгээр уран бичлэгийг бүтэн таван сарын хугацаанд хулсан бийрээр үсэг нэг бүрийг шаглан бичсэн. Тэгэхдээ алтны хольцтой гарчиг, 70 хувийн мөнгөний хольцтой дэд гарчиг, бүлгүүдийг зэсний хольцтой, үндсэн эхийг зэсээр бичиж, ихээхэн хөдөлмөр, хичээл зүтгэл гаргалаа. Үүнд л миний уран бичлэгийн үнэ цэн, нарийн нандин  сэтгэлийн өргөл оршиж байгаа юм" гэж Ц.Мөнх-Эрдэнэ өөрийн  бүтээлээ тайлбарлав. 



Үзэсгэлэнг нээх  үеэр олон улс судлаач Ц.Бат-Эрдэнэ "Монголын эзэнт гүрэн" цуврал ботийн эхний дээжээс Үндэсний төв номын сан болон аймгуудын нийтийн номын санд бэлэглэв. 








Холбоотой мэдээ