Сайн дурын ажилтнууд охидтой манлайлах ур чадварыг хэрхэн олж авах талаар ярилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс санаачлан тус аймагт ажиллаж буй АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтан Ясмин Торрес, Дааниш Вали нартай хамтран "Охидын хүч- Охидын манлайлал" сэдэвт үйл ажиллагааг Цогцолбор 2-р сургуулийн дотуур байрны охидын дунд зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааны зорилго нь охидод өөртөө
итгэх итгэлийг төрүүлэх, улмаар нийгэм, олон нийт рүү чиглэсэн сайн дурын
үйлсэд оролцох эрмэлзлэлийг төрүүлэх, манлайлах ур чадварыг хэрхэн олж авах
талаар ярилцахад чиглэсэн байна. Энэ үеэр Ясмин Торрес өөрийн манлайлалд хүрсэн
бодит түүхээс ярьснаас гадна охидтой харилцан ярилцаж, багаар ажиллан, хөгжөөнт тоглоомууд тогложээ.
Мөн Талархлын баярт
зориулан эдгээр сайн дурын ажилтнууд өөрсдийн гараар мексик, пакистан хоол хийж
охидыг дайлсан байна. АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтан
Ясмин Торрес, Дааниш Вали нар нь залуу хосууд бөгөөд өнгөрсөн намраас эхлэн гэр
бүлээрээ Увс аймагт ирж ажиллаж, амьдарч байгаа аж.
Энэ үеэр аймгийн
ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул охидод гадаад хэл хэрхэн сурах,
гадаадад суралцах боломж, давуу талууд, зарим тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар
мэдээлэл зөвлөгөө өгчээ.