Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-д мэдээллийн дэлгэц байрлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-02 16:29:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗС/-өөс ерөнхий боловсролын сургуулиудад 55 инч бүхий мэдээллийн дэлгэц байрлууллаа.

Дэлгэцээр сурагчид болон сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад холбогдох хууль, журам, хүүхдийн тусламжийн утас-108 зэрэг шаардлагатай мэдээллийг хүлээн авах боломжтой.

Мөн гэр бүлийн хүмүүжил, ёс заншлын талаарх сургалт, сурталчилгаа, хүүхдийн эрүүл мэнд, өсвөр насны нөхөн үржихүйн ойлголт, төрийн байгууллагаас албан ёсоор нийтэд түгээн дэлгэрүүлэхээр гаргасан эх сурвалж нь тодорхой мэдээлэл зэргийг сурталчилна.

Монголын хамгийн том хилийн боомт Замын-Үүд түр оршин суугчидтайгаа нийлээд 30 гаруй мянган хүнтэй бол өдөртөө зургаагаас найман мянган хүн хил нэвтэрдэг.

Хүн амын суурьшил хийгээд худалдаа арилжааг дагасан сөрөг зүйлс, хэрэг зөрчил багагүй гардаг тул өсвөр үеийнхэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ авран хамгаалах талаар шаардлагатай мэдээлэл хүргэх зорилго албаныханд буй.

Холбоотой мэдээ