"Хөх цаа" багийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хамгийн их борлуулалттай байлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-03 17:59:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдаж зээл авсан залуус өөр өөрийн хэв маяг, шинэлэг санааг тусгасан бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж бусад багтай туршлага солилцлоо.

Энэ үеэр үзэсгэлэн худалдааг сонирхон ирсэн иргэдэд худалдаа хийсэн бөгөөд "Хөх цаа" багийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хамгийн их борлуулалттай байлаа. Тус хөтөлбөр нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, түүхий эдийн нөөц боломжид тулгуурласан, зах зээлд өрсөлдөх чадвартай гарааны бизнес эрхлэх хүсэлтэй ажилгүй болон хувиараа бизнес эрхлэгч 15-34 насны залуусыг дэмжих, ажлын байр бий болгох зорилготой.

Хөтөлбөрт зааснаар гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудын төслийг шалгаруулж, эхний байрт орсон нэг багт 10 сая төгрөгийг 36 сарын хугацаатай хүүгүй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад эх үүсвэрээс эргэн төлөлттэй нөхцөлөөр хөнгөлөлттэй зээл олгодог ажээ.

 

Холбоотой мэдээ