Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-03 18:49:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байшин, орон сууцны улсын тооллого нийслэлд 11-р сарын 19-нөөс эхлээд байна.

12 дугаар сарын 22 хүртэл явагдах тооллогоор бэлтгэгдсэн тоологч айл өрхөөр орж, тооллогын асуулгыг таблет төхөөрөмжөөр бүртгэнэ гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ. Тиймээс тооллогын үеэр эзгүй байсан айл өрхийн иргэдийг тооллогод хамрагдахын тулд харьяа хороо, дүүргийн тооллогын Түр товчоонд хандаж, тооллогод хамрагдахыг уриаллаа.

Хүн ам, орон сууцны улсын хэмжээний тооллого ирэх оны эхээр болохтой холбогдуулан нийслэлийн байшин, орон сууцны тооллогыг энэ онд багтаан явуулж байна. 1960 оноос хойш анх удаа хаягийн зурагт суурилсан бие даасан байдлаар явуулж байгаа аж.

Уг тооллогыг явуулснаар, Монгол Улсын байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох юм байна. Мөн орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар мэдээллийн дэлгэрэнгүй сантай болох аж.

Нийслэлийн тооллогын комиссын орлогч дарга, Нийслэлийн статистикийн газрын дарга Ц.Заяахүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тооллогын ажлыг эхлүүлэв. Тус дүүрэгт 12 дугаар сарын 3-11-нд байшин, орон сууцны тооллого явагдана.

Холбоотой мэдээ