Спортын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2019” ёслол болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслол 2019 оны 12 дугаар сарын 13-нд болно.
Энэхүү спортын салбарын Монгол Улсын оны шилдгүүдийг тодруулах ёслолыг энэ өдрийн 18 цагаас "Корпорейт" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулна. "Бөртэ чоно-2019" Тэргүүн дээд шагналын номинацуудыг танилцуулахад, Шилдэг Олимпын танхим, Шилдэг Олимпын зөвлөл, Шилдэг Олимпын зүтгэлтэн, Шилдэг спортын сэтгүүлч, Шилдэг клуб нэг спортын төрлөөр, Шилдэг баг, Шилдэг хөрөнгө оруулалттай холбоог тус тус шалгаруулна. Мөн Шилдэг холбоо - 3, Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга, Шилдэг Ерөнхийлөгч, Шилдэг Дасгалжуулагч - 2, Шилдэг залуу тамирчин, Шилдэг эрэгтэй тамирчин - 3, Шилдэг эмэгтэй тамирчин - 3 хүн тус тус шалгаруулдаг уламжлалтай. Шилдгүүдийн шалгаруулалтыг МҮОХ болон Спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг.