МОНГОЛД ӨВӨЛ БОЛОХ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-12-06 16:43:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Монгол орны хувьд зуны улиралд наадам үзэж байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломж өндөр байдаг. Харин өвлийн улиралд жуулчид сонирхож болох олон томоохон арга хэмжээнүүд зохиогддог билээ. Эдгээр үйл ажиллагаа тус бүр нь өөрсдийн гэсэн тогтсон цогц сэдэв, үйл явдал, монголчуудын соёлын өвөрмөц онцлогыг хадгалсан байдаг. Ингээд та бүхэнд энэ өвөл болох онцлох үйл явдлуудаас хүргэе.


“ХӨХ СУВД”-НЫ БАЯР


Хөвсгөл аймагт жил бүр далай ээждээ хүндэтгэл үзүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор “Хөх сувд” олон улсын мөсний баярыг зохион байгуулдаг билээ. Мөнхүү Хөвсгөл далай ээжийн орчмын үзэсгэлэнт байгалийг хамгаалах, унаган төрхийг нь хадгалан авч үлдэх зорилготой бөгөөд, онгон дагшин байгалийн үзэсгэлэнг мэдэрч, цаатан ард түмний ёс заншилтай танилцахыг хүсвэл өвөл ирсэн жуулчин “Хөх сувд”-ны баярт зочлох хэрэгтэй.


Энэ жилийн “Хөх сувд”-ны баяр 2020 оны 3 дугаар сарын 2, 3, 4-ны өдрүүдэд зохион байлуулагдахаар болжээ. Тус баярын үеэр морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа,  мөсний сүмо зэрэг олон тэмцээн зохиогддог бөгөөд энэ бүгд нь нүүдэлчин ахуйтай холбоотой ба жуулчдын онцолж зорих аялалын хөтөлбөрт багтдаг байна. Түүнчлэн “Хөх сувд” баярын үеэр мөсөн хотхонд саатаж, цаа буга, бөөгийн урц, хөвсгөлчүүдийн гар урлалын бүтээлүүдтэй танилцах ховор боломжийг олгодог.


БҮРГЭДТЭЙ АНЧИД


Монголын Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг агуулсан “Бүргэдийн баяр” нь манай улсын бахархалт үйл явдлуудын нэг билээ. Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдэлчдийн уламжлалт зан заншил, соёлын өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулдаг. Тэгвэл 2020 онд болох баярын арга хэмжээг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болгохоор тогтсон байна.


Гурван жилийн өмнө улаа бутарсан хацартай, эрэлхэг бяцхан охин Айшолпан бүргэдийн баяраар 80 гаруй эрийг ардаа орхин түрүүлсэн тухай мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлүүдээр шуугиж байсныг уншигчид санаж буй биз ээ.


Бүргэдийн баяр нь монгол оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эх орноо болон Монголын казах иргэдийн бүргэдээр ан хийх соёлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчилан таниулах, хөдөө орон нутгийн жуулчны баазуудын ажиллах хугацааг уртасгах, санхүүгийн орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдийн байгаль орчноо хамгаалж нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зэрэг олон зорилготой.


Дашрамд өгүүлэхэд бүргэдийн баярыг жил бүр гадаад, дотоодын 800 гаруй жуулчид тогтмол үздэг гэх тооцоо гарсан байна. Уг үйл ажиллагаанд жил бүр тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцдог.


ТЭМЭЭН ПОЛО


Энэ бол дэлхийд ганцхан монголд байдаг хоёр бөхт тэмээний уралдаан юм. Тус баяр нь мөн 3 дугаар сард уламжлал болгон зохиогддог тул “Бүргэдийн баяр”-т оролцохоор ирсэн жуулчид “Тэмээний баяр”-ыг ч мөн сонирхох боломжтой. Тэмээний баяр ирэх 3 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохиогдоно. Хоёр жилийн өмнөөс “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ - 999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлж 1000 тэмээ уралдуулсан юм.


Уг арга хэмжээний үеэр торомны уралдаан, тэмээний музей үзэх, , орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохиогддог билээ.  Мөнхүү монгол орны говийн үзэсгэлэнт газруудаар аялаж, өвлийн говийн дулаахан хөндийгөөр тэмээ унан зугаалах боломжтой.


ИХ ХОТЫН ӨВЛИЙН НААДАМ


Монгол орны өвлийн бэлэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын

газартай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жил бүрийн 2 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг. Өнгөрсөн жилд тус арга хэмжээ нь Гэр бүлд чиглэсэн олон тэмцээн уралдаан, хүүхэд залуучуудын сонирхдог экстрим спортын төрлүүдийг түлхүү оруулснаараа цар хүрээний хувьд өргөн хэмжээнд зохион байгуулагдаж байсан юм.


Мөн нохойтой чарга, мини амьтны хүрээлэн, мөсөн хана,  сноуборд, цасны регби, цана, мөсөн шатар, мөсөн шагай, мөсөн сур харвах зэрэг арга хэмжээнд гадаад дотоодын жуулчид болон иргэд өөрсдийн биеэр оролцохын зэрэгцээ халуун хоол ундаагаар үйлчлүүлж, аяллын болон үндэсний хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох боломжтойгоос үзэхэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.


Тус наадмын зорилго нь дэлхий дахинд Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц нүүдэлчдийн соёлыг сурталчлан таниулахад оршино. 2014 оноос эхлэн тус наадмыг зохион байгуулах болсноор монгол орныг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа нь энэхүү наадмын цар хүрээ, үнэ цэнийг илтгэнэ.


ЛУСЫН ЗҮҮД БУЮУ МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА


“Мөнгөлөг шагшуурга” нь жил бүр Монгол Улсын үзэсгэлэнт байгальтай газруудын нэг болох Ховд аймагт зохион байгуулагддаг. Тус баярын үеэр монголын уламжлалт тэмцээний нэг болох “Урианхай сурын харваа” зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой. Мөн тэмээн буухиа, цасны сумо зэрэг уралдаанаас гадна үндэстэн ястны онцлогыг түлхүү харуулсан олон уралдаан тэмцээн болно.


ЦАГААН САР


Өвөл Монголд айлчилсан жуулчидад нэгэн ховор боломж нээлттэй байдаг нь үндэсний томоохон баярын нэг болох цагаан сар юм. Энэ нь эрт үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр билээ.


17 дугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд “Монгол” хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Цагаан сар нь ирэх оны 2 дугаар сарын 23-нд болно.

 

Холбоотой мэдээ