Монголын баруун бүсийг төмөр замаар холбох боломжийг хөндөв

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-12-05 15:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүс нутгийн хамтын ажиллагаа ба Монгол Улс” (SIRPA forum-2019) эрдэм шинжилгээний хурал өнөөдөр МУИС-ийн Номын санд боллоо.

Хурлын талаар Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн багш Н.Мөнх-Өлзийгээс тодруулбал, “Жил бүр зохион зохион байгуулдаг энэхүү хурлыг өнгөрсөн жил “Монгол Улсын гадаад бодлого” сэдвээр хийсэн бол энэ жил үргэлжлүүлэн “Гадаад бодлого, аюулгүй байдал”-ын сэдвийг өргөөн хүрээнд хөндөж байна” гэв.


Тэрээр, “Хурлын цар хүрээ олон улсын эдийн засаг, олон улсын соёл-хүмүүнлэгийн болон нийтийн болон төрийн удирдлагын сэдвээр өргөжин, олон илтгэл хэлэлцүүлж ҮАБЗ, судалгааны институциуд, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож байна. Эдийн засгийн хүрээнд төмөр, зам, байгалийн хий дамжуулах хоолой зэрэг тодорхой сэдвийг хөндөж байна” гэв. Хурлаар манай улсын гадаад бодлого, аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар болон хөрш орнуудын гадаад бодлого, хамтын ажиллагааны талаар мөн хөндсөн юм.

Тухайлбал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн зөвлөх профессор Н.Алтанцэцэг, “БНХАУ-ын цахим дипломат ажиллагаа” илтгэлдээ урд хөршийн интернэт сүлжээний хөгжил болон хяналтын талаар танилцуулсан юм.




Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор Ж.Баясах “Монголын зүүн баруун бүсийг төмөр замаар холбох боломж” сэдвээр тавьсан илтгэлдээ, Монгол Улсад Дорнодоос Ховд хүртэл, хөндлөн чиглэлд төмөр зам тавьж, хурдны гал тэрэг явуулах шинэ хувилбарын талаар хөндсөн юм.

Энэ нь Төв Ази руу чиглэсэн түүх, соёлын аялал жуулчлалын цоо шинэ маршрут бүхий бүс байгуулах ойрын ирээдүйтэйг тэрээр онцолж байв. Энэхүү төслийг БНХАУ санхүүжүүлэхэд бэлэн буйг тэрээр дуулгалаа.



Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ