Богд Зонховын нирваан дүр үзүүлсний ойн ёслол болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-07 13:00:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар Ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Язгуурын гурван бурхдын хувилгаан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний ойд зориулсан ёслол өнөөдөр өглөө мандал өргөн эхэлж, Гандантэгчэнлин хийдэд Тэргүүн их Хамба лам Д.Чойжамц Аврал одуулахын хөтөлбөр Мэгзэмийн лүн хүртээн ном айлдлаа.

Тэрээр Бурхны шашинтай хүн байх болон Богд ламын намтрыг бүтэн өдрийн турш тайлбарлан таниулах юм. Мөн өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд цугласан лам, хуврагууд монголчуудын сайн сайхан болон даян дэлхийн энх амгалангийн төлөө бүхэл шөнөжин ном хурна. Энд сүсэгтэн олон бүрэн оролцох боломжтой юм байна. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Маргааш 12 дугаар сарын 8-нд 09:00 цагт Гандантэгчэнлин хийдэд ойн нээлтийн ёслол Батцагаан дуганд болно. Энэ үеэр оюутан залуусын дунд зарласан "Бурханы шашин ба монголчууд" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардуулж, Богд Зонховын нандин өв соёлын зүйлүүдийг дэлгэж, олон нийтэд үзүүлэх юм. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ