Д.Трампыг тэвчээргүй, хөгшин гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-10 11:53:03

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын Ази Номхон далайн бүс нутаг дахь энхтайвны хорооны дарга Ким Ён Чоль АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тэвчээргүй хөгшин гэжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгааны мэдээний агентлаг мэдээлжээ.


“Д.Трампыг хөгшин, тэвчээргүй хүн гэдгийг харж болно. Тэрбээр БНАСАУ-ын талаар ихийг мэддэггүй. АНУ зоригтой, ухаалаг байхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам аюулгүй байдалд нь учрах аюул өсөн нэмэгдэх гунигт байдалтай тулгарах болно” хэмээн тэрбээр ярьжээ.   


“Энэ сарын 5-нд өгсөн анхааруулгыг үл харгалзан АНУ-ын Төрийн тэргүүн зохисгүй, аюултай мэдэгдлээ зогсоогоогүй. Иймэрхүү байдалтай үргэлжилвэл БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны АНУ-ын Төрийн тэргүүний талаарх бодол өөрчлөгдөнө гэж би бодож байна. Тэрбээр Д.Трампын талаар хэрээс хэтэрсэн мэдэгдэл гаргадаггүй” хэмээн Ким Ён Чоль мөн мэдэгджээ. 


АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуульд БНАСАУ хөндлөнгөөс оролцохгүй гэж найдаж байна хэмээн Д.Трамп энэ сарын 7-нд сэтгүүлчдэд мэдэгджээ. Үүнээс  нэг өдрийн дараа “Дайсагнасан үйл ажиллагаа явуулбал Ким Жөн Ун бүхнээ алдаж магадгүй юм” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа мөн тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ