“Түүхээ сөхвөл” дурсамж тэмдэглэл ном болон мэндэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-12 18:14:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо.


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн амьдрал, залуус дүү нартаа сургамж болгох зорилгоор 2013 оноос өөрийн нийгмийн сүлжээн дэх хаягтаа “Түүхээ сөхвөл” цуврал тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Эдгээр дурсамж тэмдэглэлээ эмхэтгэн ном болгосныг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг редакторлосон байна. 



Номын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “2013 онд анхны түүхээ бичихэд фейсбүүкийн найзууд дэмжиж, дараагийнхыг нь бичээрэй гэсэн хүсэлт ирүүлсэн. Ингээд 1990 оны үед наймаа эрхэлж явсан үе, оюутан ахуйнхаа дурсамжуудаас сэтгэлд буусан хөгжилтэй, сургамжтай гэсэн тэмдэглэлүүдээ эмхэтгэн ном болголоо. Тэмдэглэлүүдээ ихэвчлэн аяллын замд бичдэг байсан юм” хэмээв.


Номын редактор Г.Мөнхцэцэг энэхүү номыг 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном хэмээн дүгнэсэн юм.


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ номынхоо нээлтийн үеэр “Авто тээврийн газарт ажиллаж байхад үг үсэг, утга, найруулгын алдаатай албан бичиг олон ирдэг байсан. Тэр үед дунд сургуулиа онц, сайн дүнтэй төгссөн залуусыг ажилд авна гэсэн зарлал бичлээ. Дарга, цэрэг нар ч хүүхдүүдийн танилцуулга оруулж ирж өгөх боллоо. Танилцуулгыг нь аваад хажуудаа хураахаар “Та энэ хүүхдүүдээр яах нь вэ” гэж асуудаг юм. Тэр үед нь “Үгүй яах вэ дээ. Хажуудаа суулгаж та нарын алдаатай бичгийг засуулах санаатай” гэж хариулдаг. Үүнээс хойш алдаа багассан түүхтэй” хэмээн өөрт тохиолдсон хөгжилтэй, сургамжтай явдлаасаа хуваалцлаа.



Номын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол Улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич Л.Дашням, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Эрдэнэбулган, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нар оролцлоо.

Холбоотой мэдээ