“Монгол Мессенжер” сонин англи хэлээр эсээ бичих уламжлалт уралдаанаа зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-13 17:28:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газар англи хэлээрх эсээ бичлэгийн уламжлалт уралдаанаа Улаанбаатар хотын англи хэлний сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зарлалаа.


Монголын анхны англи хэлээрх тогтмол хэвлэл “Монгол Мессенжер” сонины газар уралдааныг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдын яамтай хамтран хоёр дахь жилээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн эсээ бичлэгийн уралдаан нь “Монгол Улс дэлхийд юугаараа алдартай байж болох вэ” сэдвээр болно.


Эсээ бичлэгийн уралдаан нь сурагчдын англиар бичих ур чадварыг дэмжих, Монгол орны хөгжил, монголчуудын дэлхийд гарах боломжийг залуус хэрхэн үздэг, хүүхэд залуус эх орноо хэрхэн үнэлж цэгнэдгийг нээн харуулах, шилдэг эсээ бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлсэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.


Уралдаанд оролцогчид эсээ бичлэгийг 800 үгэнд багтаан англи хэлээр бичиж 12 дугаар сарын 25-ны дотор “Монгол Мессенжер” сонины mongolmessenger@gmail.com болон mongolmessenger@montsame.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээх юм.


Уралдаанд ирүүлсэн эсээ бичлэгээс шилдэг гурван эсээ бичлэгийг шалгаруулж МОНЦАМЭ агентлагийн болон уралдааныг хамтран зохион байгуулагч ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны шагнал гардуулна.

Холбоотой мэдээ