Дарханы өсвөрийн бөхчүүд нутагтаа тэргүүлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-12-16 11:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагч, АБТА, спортын мастер Ц.Жигдэн агсны нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах олон хотын тэмцээн 12 дугаар сарын 12-14-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд болов.


Тус аймгийн Дархан сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тэмцээнд хот, хөдөөгийн 25 байгууллагын 480 гаруй тамирчин хөвгүүдийн 12, охидын 6 жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.


Тэмцээний аваргуудыг танилцуулбал, хөвгүүдийн 26 кг-д У.Буянхишиг, 29 кг-д Э.Бат-Эрдэнэ /хоёул Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс/, 32 кг-д З.Мѳнхсайхан /Төв аймаг/, 36 кг-д М.Аманбек /Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс/, 40 кг-д А.Даваадорж /Арслан/, 45 кг-д Б.Одсүрэн, 50 кг-д Г.Болор-Эрдэнэ /хоёул Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс/, 55 кг-д Э.Энхболд /Төв/, 60 кг-д Г.Батнасан /Арслан/, 65 кг-д А.Энхтүвшин /73 дугаар сургууль/, 71 кг-д Н.Батбилгүүн /Төв/, 92 кг-д Б.Баярболд /Спортын төв сургууль/ тус тус аварга болов.


Харин охидын 48 кг-д Г.Оюунбилэг, 52 кг-д Т.Ренцэнмядаг /хоёул Алдар спорт хороо/, 55 кг-д Б.Ганцэцэг /Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс/, 60 кг-д Т.Алтжин /Спортын төв сургууль/, 65 кг-д А.Даваажаргал /Налайх, “Голомт” цогцолбор/, 70 кг-д Д.Халиун /Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс/ нар жин тус бүртээ аваргаар шалгарлаа.


Спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб багийн дүнгээр нутагтаа тэргүүлж, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймаг, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай Спортын төв сургууль II, III байрыг эзлэв.


Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Б.Одсүрэн /Дархан-Уул/, эмэгтэй тамирчин Г.Оюунбилэг /Алдар/, шилдэг шүүгчээр улсын шүүгч Э.Одчимэг нар шалгарчээ.


Тэмцээний үеэр Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн, Дархан сумын засаг дарга Б.Азжаргал, БТСГ-ын дарга, гавьяат дасгалжуулагч Н.Батлав нар тус аймгийн тамирчин Н.Очир-Эрдэнэ, Б.Ганцэцэг Д.Халиун нарт спортын дэд мастерын цол тэмдгийг гардуулан өгсөн байна.



Холбоотой мэдээ