“Хоггүй Хэрлэнгийн төлөө” аянд нэгдсэн сурагчид ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-17 22:03:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЕБС-уудын байгаль хамгаалах эко клубуудын сурагчдын дунд “Хоггүй Хэрлэнгийн төлөө хамтдаа” аяны хүрээнд зохион байгуулсан ажлын амжилт, сургамж, туршлагаа танилцуулсан хэлэлцүүлэг, уулзалт боллоо.

Хэрлэн голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан, аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан үр дүнгийн уулзалтад Хэрлэн сумын дөрвөн сургуулийн багш нар, холбогдох албан тушаалтнууд, 40 гаруй сурагч оролцсон байна.

Тус уулзалтаар дээрх аяны хүрээнд хийсэн ажлын танилцуулга, Байгаль хамгаалах эко клубуудын тайлан, бизнес эрхлэгчид болон албан байгууллагуудын төлөөллүүдийн сайн үлгэр дууриалал, микро пластик хэрэглээний тухай хэлэлцэж, цаашид аяны хүрээнд хэрхэн ажиллах талаар хэлэлцэж, ажлын төлөвлөгөөндөө сурагчдын саналыг тусгажээ.

Ташрамд дуулгахад, "Тогтвортой хөгжлийн боловсрол" хөтөлбөрт нийцүүлэн эко клуб, хичээллүүлэх болон эко сургууль болох зорилгоор олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төвтэй хамтран ажиллаж, хөтөлбөрт аймгийн нийт сургууль бүрэн хамрагдсан байна. Үүний үр дүнд сургууль, цэцэрлэгүүд байгаль орчноо хамгаалах болон зөв хэрэглээний дадал эзэмшиж байгаа юм. Ингэснээр “Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль”–ийн тоо жилээс жилд нэмэгдэж, Хэнтий аймгаас хоёр сургууль “Мөнгөн гэрэгэ”, зургаан сургууль, нэг коллеж “Хүрэл гэрэгэ” болзол хангажээ.

Холбоотой мэдээ