Пакистаны Ерөнхийлөгч асанд цаазын ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСЛАМАБАД. /TASS/. Пакистаны тусгай шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан, цэргийн удирдагч Первез Мушаррафт цаазын ял оноосон тухай “Dawn” сонин мэдээлжээ.
Дээрх шийдвэрийг Пакистаны Дээд шүүхийн дарга Пешавар Вакар Ахмад Сэтхагаар даргалуулсан гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүхийн зөвлөл гаргасан байна.
Исламабадын Дээд шүүх Пакистаны Дотоод хэргийн яамнаас гаргасан холбогдох хүсэлтийг хянан үзсэнийхээ дараа Тусгай шүүхийн ялын тогтоолыг зарлах хугацааг хойшлуулах шийдвэрийг 11 дүгээр сарын 28-нд гаргажээ. Тусгай шүүх 2014 онд эхэлсэн Мушаррафын хэргийг шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 19-нд дуусгасан бөгөөд шүүхийн шийдвэрийг 11 дүгээр сарын 28-нд зарлахаар шийдвэрлэсэн байжээ.
2001-2008 оны хооронд Пакистаны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан өдгөө 76 настай Мушаррафыг эх орноосоо урвасан хэрэгт буруутгагджээ. Тэрбээр 2007 онд онц байдал зарлаж, Дээд шүүхийн гишүүдийг баривчлахыг тушаасан байна. Мөн 1988-1999 оны хооронд Пакистаны төрийн эрхэнд байсан улс төрийн зүтгэлтнүүдэд үүсгэн авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохыг заасан Үндэсний эвлэрлийн тухай зарлиг гаргаж байжээ. 1999 оны цэргийн эргэлтийн дүнд төрийн эрхэнд гарсан Мушарраф сөрөг хүчний намуудын эсэргүүцлийн ажиллагааны улмаас 2008 онд огцорсон байна. Одоо Мушарраф АНЭУ-д байгаа бөгөөд 2016 онд тус улсад эмчлүүлэхээр очжээ.