БНИУ-ын Сенатын танхимын Ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-19 15:42:19

УИХ-ын дарга дарга З.Энхболдын урилгаар БНИУ-ын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо энэ сарын 20-23-нд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх болсон талаар ГХЯ-наас мэдээллээ.

Тэрбээр айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхах юм. Мөн АСЕМ-ын Парламентын түншлэлийн есдүгээр чуулга уулзалтад оролцох юм. Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНИУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулахад өндөр ач холбогдолтой юм хэмээн ГХЯ-ны Европ, Америкийн газрын дэд захирал Э.Есүхэй хэллээ.

Монгол Улс БНИУ-тай хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах зорилт тавьдаг байна. Тэр дундаа арьс шир боловсруулах, Монгол ноолуурыг Итали загвартай хослуулах чиглэлээр түлхүү яриа хэлэлцээ хийдэг аж.

Энэ оны гуравдугаар сар БНИУ-ын Засгийн газраас Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргасан бөгөөд холбогдох албаны хүмүүс ирж, байрлах газраа судалсан байна. Тус улсаас энэ онд багтаад Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ