Сонгуулийн мажоритар тогтолцоо ба технологи

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-12-20 15:59:26

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг  дэд дарга Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулан өргөн барьсан (2019-12-02) билээ. Хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог 50+26 гэсэн хувилбараар оруулсан байв. Жижиг 50 тойргийн талаар нийгэмд ямар нэг ойлголтын зөрүү гарсангүй. Улс нэг тойрог, нам тус бүр 26 хүртэл хүний нэр жагсааж дэвшүүлнэ. Тэднийг сонгогчид эрэмбэлнэ. Хамгийн олон санал авсан 26 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болно гэсэн ойлголт гарч ирсэн билээ.


Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад чуулган дээр гишүүд уг төслийг боловсруулсан ажлын хэсгээс асуулт асууж хариулт авахад, дэд дарга ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “өндөр рейтингтэй намын дарга У. Хүрэлсүхэд сонгогчдын 50 хувь нь санал өгсөн нөхцөлд, МАН-д УИХ-ын 26 суудлын 50 хувь буюу 13 нь ногдоно” гэж тайлбар хийсэн юм. Энхүү тайлбараас үүдэн өндөр рейтингтэй намын лидерийн нэр дор жагсаалтад орж нэр дэвшсэн, ард түмнээс сонгогдоогүй улс төрчид УИХ-ын гишүүн болох нь. Энэ бол сонгуулийн хувь тэнцүүлсэн хэлбэр буюу пропорцналь тогтолцоо гэсэн шуугиан дэгдсэн билээ. Ээлжит  сонгууль ийм тогтолцоогоор явсан нөхцөлд Үндсэн хуулийн “УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно” гэсэн заалтыг зөрчинө. Тэгээд ч Үндсэн хуулийн Цэц (ҮХЦ)-ийн сонгуулийг порпорцналь тогтолцоогоор явуулах нь Үндсэн хууль зөрчинө гэсэн хоёр дүгнэлт байдаг юм байна.


Эдгээр улс төрийн хүрээнд болсон, үйл явдалд тулгуурлан МАН-ын удирдах зөвлөл хуралдан сонгуулийн хуулийн төслийн дээрх зөрчлийг арилгах, мажоритар тогтолцооны томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг сонгох хэлбэрийг авах нь зөв гэсэн шийдэлд хүрчээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгсөн аж. Энэ чиглэлийн дагуу тус бүлэг хуралдаж, хүлээн авч Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүллээ.


УИХ-ын 76 гишүүнийг 26 тойргоос сонгох нь манай сонгогчдын хувьд шинэ зүйл биш ээ. УИХ-ын 1992, 2008 оны ээлжит сонгууль энэ хэлбэрээр явсан. Эхний ээлжинд буюу 1992 онд нэг намын гишүүдийг тойргийн мандатын тоогоор дугуйлна гэсэн пиар хүчтэй явж тэр дагуу болсон гэж хэлж болно. Харин 2008 онд нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөх байдал цухалзсан гэж үздэг. Гэхдээ сонгуулийн дүнд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Тухайн тойргийн  мандатын тоогоор нэг намын нэр дэвшигчийг дугуйлах зарчим урьдын адил давамгайлсан гэж хэлж болно. Харин одоо тэдэн дээр  сонгуулийн ямар шинэ технологи нэмэн орж ирэхийг урьдчилан хэлэх боломжгүй.


Аливаа зүйлийг цагийн шалгуураар шинэчилж өөрчилдөг. Энэ ойлголтын хүрээнд томсгосон 26 тойргоос УИХ-ын 76 гишүүнийг сонгох тухай зарчим  УИХ-ын сонгуулийн тухай хуульд гурав дахиа орж батлагдлаа. Иймд тэр үед зохицуулалтгүйн улмаас гарсан олон алдаа энэ удаагийн хуулиар засагдан орж ирсэн гэж ойлгож байна. Тэгээд ч түрүүчийнхээсээ сүүлчийнх нь илүү боловронгуй болох нь ойлгомжтой. Парламент УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнөөдөр (2019-12-20) баталлаа. Сонгогч таны сонголт 2020 онд мэргэн байх болтугай.

Холбоотой мэдээ