Эдгэрлийн баяраа сүүгээр тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-23 17:29:14

Хэнтий /МОНЦАМЭ/ “Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-аас “Эдгэрлийн баяр” тайлант өдөрлөгийг зохион байгуулж, сүү өргөн тэмдэглэлээ.

Уг өдөрлөгт аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, хэлтсийн мэргэжилтнүүд, “Хэрлэнгийн Цэнхэр Алс” ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц-Наркологийн тасгийн эмч нар, Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар, Батноров, Баян-Овоо сум, Хэрлэн сумын эрүүл идэвхтэй амьдралын клуб, архинаас татгалзсан иргэдийн 50 гаруй төлөөлөл оролцлоо.

“Архидалтгүй Хэнтий” дэд хөтөлбөрийн хүрээнд 2018, 2019 онд 55.1 сая төгрөгийн төсөв зарцуулжээ. Үүнээс Засаг даргын захирамжаар “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-д 22,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна. Тус байгууллага уг төсвөөр 18 сум таван тосгон, албан байгууллага, ААН-ийн нийт 8250 хүнд архины хор уршгийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэн архидалтгүй аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, зохистой хэрэглэх талаар анхааран ажиллажээ. Үүнчлэн өнгөрсөн хугацаанд сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамрагдсан 150 иргэн өөрсдийн зардлаар архинаас татгалзсан байна.

Мөн хөтөлбөрийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу сайн дураараа архины хамаарлаас салах хүсэлт гаргасан 48 иргэнийг нэгдсэн эмнэлгийн наркологийн тасагт хэвтүүлэн 21.1 сая төгрөгийн өртөг бүхий хордлого тайлах, сэтгэл засал, дуршил бууруулах /спираль/ эмчилгээ хийлгэж, иргэдийн 80 хувь нь архинаас гарчээ.

“Эдгэрлийн баяр” өдөрлөгөөр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-аас тухайн ондоо хамтарч ажилласан байгууллага, ААН, иргэдийг шагнаж урамшуулснаас гадна, аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Хэрлэнгийн Цэнхэр Алс” ТББ-д автомашин гардуулж, архи хэмээх амьдын тамд унасан, алдаж яваа хүмүүст хоёргүй сэтгэлээр тусалж, архинаас гаргаж яваа ариун үйлсийг дэмжих учиртайг онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ