Си Жиньпин, Абэ Шинзо нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. Даваа гарагт БНХАУ-ын дарга Си Жиньпин, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар Бээжин хотноо уулзжээ.
Абэ Шинзо БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Чэнду хотноо мягмар гарагт болох БНХАУ-Япон-БНСУ-ын удирдагчдын наймдугаар уулзалтад оролцохоор БНХАУ-д даваа гарагт хүрэлцэн очжээ.
"БНХАУ Япон улстай нягт харилцаа холбоогоо үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд
гаргаж, хоёр улсын ард түмэнд харилцан ашигтай байх улс төрийн манлайллыг бэхжүүлэх
хүсэлтэй байна" гэж Си Жиньпин хэлсэн байна.
Талуудын хамтын хүчин чармайлтаар хоёр талын харилцаа үргэлжлэн хөгжсөөр байгааг БНХАУ-ын дарга онцлоод, өнгөрсөн зургадугаар сард Японы Осака хотноо болсон уулзалтаар хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцсоныг сануулан дурджээ. Мөн тэрбээр хиймэл оюун ухаан, мэдээллийн анализ, зүйлсийн интернэт зэрэг салбарын хамтын ажиллагаа болон соёл, аялал жуулчлал, боловсролын салбарын харилцан солилцоог бэхжүүлэх хэрэгтэйг онцолжээ.
Үүний хариуд Японы Ерөнхий сайд хэлэхдээ, энэ онд хоёр орны төлөөгчид өндөр түвшний айлчлалыг тогтмол хийснээр харилцан ойлголцлыг сайжруулж, харилцааг хөгжүүлэх эерэг эрчийг бий болгосон гэжээ. Мөн тэрбээр БНХАУ-ын даргын ирэх хавар Японд хийх төрийн айлчлалыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлээд, уг айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа хэмээн хэлжээ. Японы тал уг айлчлалыг амжилттай болгохын тулд Хятадын талтай нягт харилцаа холбоо тогтоож, Япон-Хятадын харилцааг шинэ эриний шаардлагад нийцүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байна хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
Мөн эдийн засаг,
худалдаа, хөрөнгө оруулалт, инновац, аялал жуулчлал, соёл, спорт зэрэг
салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухалыг Абэ Шинзо онцолжээ. Түүнчлэн бүс нутгийн
асуудлуудыг зохицуулах чиглэлд харилцаа холбоо, хамтын ажиллагаа цаашид улам
бэхжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.