Т.Адъяа: “Энэ хүмүүс чинь ямар их хивс авдаг юм, таазандаа хаддаггүй байлтай” гэж билээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-26 11:38:46
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт хивс”-ний үйлдвэрийг анх бүтээн босголцоход гар бие оролцсон Т.Адъяатай ярилцлаа.


- Та  Эрдэнэт хивсний  үйлдвэрт анх  хэдэн онд ажилд орж байв?

Би Баянхонгор аймгийн Өлзийт сумынх. Найман настайдаа Улаанбаатарт өвөө, эмээ дээрээ ирж арван жилийн Нэгдүгээр  сургуульд орж 1972 онд төгссөн. Тухайн ондоо МУИС-ийн салбар сургууль болох Политехникийн дээд сургуульд  элсэн орж 1977 онд хөнгөн үйлдвэрийн инженер, механикч мэргэжлээр төгсөөд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны томилолтоор “Арьс, ширний үйлдвэрлэлийн Эрдэм шинжилгээ туршилтын төв”-д хуваарилагдан ажлын гараагаа эхэлж байлаа. Ингээд 1980 оноос Эрдэнэтийн хивсний үйлдвэр баригдаж дуусаад ашиглалтад орох болж яам мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудаа харъяа үйлдвэрүүдээс авч томилолт өгч явуулж байлаа. Ингээд 1980 оны есдүгээр сард Эрдэнэт хивсэнд яамны томилолт өвөртлөн очиж техникийн зохион бүтээгч инженер буюу зураг төсвийн хэсэгт ажилд орсон. Тус байгууллагад 32 жил ажиллахдаа зохион бүтээгч инженер, засварын цехийн дарга, ерөнхий диспетчер, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн инженер зэрэг ажлыг хийж байсан. Тухайн үед хамтран ажиллаж байсан Зөвлөлтийн олон мэргэжилтнүүдээс их зүйл сурсан. Мөн манай өөрийн инженер, техникийн ажилтнууд, төрөл бүрийн мэргэжлийн ажилчидтайгаа хамтран ажил үүргээ амжилттай биелүүлж байлаа.

Манай үйлдвэрийн технологийн үндсэн гол бүтээгдэхүүн нь хонины ноос байдаг. Уг ноосыг 20-иод төрлөөр нь ангилдаг. Тэр дундаас бүдүүн, бүдүүвтэр гэдэг ангиллын ноос манай хивс үйлдвэрлэлийн технологид онцгой тохирдог юм. Социалист нийгмийн үед манай Баянхонгор аймагт “Байдраг” гэдэг үүлдрийн хонийг өсгөж, үржүүлдэг байсан юм билээ. Тэр хонины ноос нь бүдүүн, бүдүүвтэр ноос юм л даа.

Үйлдвэр ашиглалтад орсноос хойш сайн чанарын, технологид таарах ноос нэлээд ховордож эхлэх үед баруун аймгуудаас ноос худалдан авах хэд, хэдэн групп томилж хуваарилсан юм. Би Баянхонгортоо ажиллахаар хоёр инженер, нэг ня-бо-той ажлаа эхэлж билээ. Энэ үед л нутгийнхаа бүх сумаар явсан. Хүний төрсөн нутаг сэтгэлд үүрд хоногшиж бүүр нутагтаа өөрийн эрхгүй татагдаж дахин дахин очмоор санагддаг болчихдог юм билээ. Ноос авах тэр үеэр Эрдэнэтэд 1996 онд Баянхонгор аймгийн  нутгийн зөвлөл байгуулагдаж анхны үүсгэн байгуулагчаар ажиллаж байлаа.

-Тэгвэл нутгийн зөвлөлөө байгуулчихаад бас нутаг руугаа ноос цуглуулдаг ажил давхцаж их л сайн юм болж дээ?

-Харин тийм. Нутгийнхаа ой, тэмдэглэлт өдөр болвол ажил хэрэг, хувиараа их явдаг болсон. 1990-ээд онд удаа дараа айхтар зуд турхан болж нутгийн зөвлөлөөс зохион байгуулж хөрөнгө, мөнгө, хувцас хунар, лаа, шүдэнз, ажлын бээлий, гутал цуглуулан Баянхонгор аймгийнхандаа хүргэдэг байсан.

-Эрдэнэт бол эдийн засгийн чадавх сайтай, үйлдвэржилт түлхүү хөгжсөн хот. Тэр утгаараа улсын бодлогоор Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрчүүд, Эрдэнэт хивсэнд ажиллах эмэгтэйчүүд гээд хүйсийн харьцааг ихэд сайн “тооцсон” гэдэг юм билээ.

-Үнэхээр тийм. Анх Булган, Хөвсгөл, Архангай аймгаас илгээлтийн эздээр ажиллах элсэлт авч байсан. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн хот байгуулахдаа үйлдвэр болон цэргийн ангид эрчүүд түлхүү ажиллана. Иймээс дагалдуулаад хивс, хүнсний үйлдвэрүүдийг байгуулан эмэгтэйчүүдийг ажиллуулж шинэ хот, шинэ гэр бүл, шинэ суурин үүсгэх улсын бодлого байлаа. Манай хивсний үйлдвэрт  л гэхэд 2000 гаруй ажилтантай байлаа.

-Намайг бага байхад Эрдэнэтэд хивсгүй айл байдаггүй байлаа. Хурим, найраар ч өгдөг хамгийн том бэлэг нь хивс байв. Би нэг удаа танил эгчийндээ гэрт нь зочлоход  ханандаа, шаландаа нэг ч хивсгүй байхыг нь хараад их гайхаж билээ.

-Бид заримдаа хивсний захиалгаа дийлэхгүй үед манай  дарга “Энэ хүмүүс чинь ямар их хивс авдаг юм. Таазандаа хаддаггүй байлтай” гэж билээ. Одоо хивсний утас, ноос, өнгө, загвар, технологи гээд  бүх зүйл шинэчлэгдэж сайхан болсон. Азидаа дээгүүрт жагсдаг үйлдвэр шүү дээ. Гадаад зах зээлд борлуулагдах нь ч нэмэгдсэн.

-1990 оны нийгмийн шилжилтийн үед бүх л байгууллага санхүүгийн хувьд хямарч сүүлдээ ч хувьчлагдаад дуусах нь дуусч, хожих нь хожиж, хөгжих нь хөгжсөн. Танай үйлдвэр ч үүнийг туулаад гарсан.

-Мэдээж олон зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ ганцхан жишээ хэлэхэд, манай Эрдэнэт хивс улсын үйлдвэр байсан учир угаасан ноосыг Улаанбаатарын ноос угаах үйлдвэр, Хатгалын ноос угаах үйлдвэрүүдээс шууд нийлүүлдэг байлаа. Гэтэл хувьчлагдаад эхлэнгүүт өөрсдөө ноосоо бэлтгэж угаах шаардлага гарсан. Манай инженерүүд болон захирал Р.Баасандайн санаачилгаар өдөртөө 2-3 тонн ноос угаах хүчин чадалтай агрегат зохион бүтээж угсарч ноосоо угааж байлаа. Одоогоор уг агрегатаа өргөтгөж бүүр өндөр хүчин чадалтай ноос угаадаг машин ажиллаж байна.

Хивсний үйлвэрийг барьж байгуулахад орос ах нарын өмөг түшиг, ач тус мөн ч их байж дээ гэж боддог. Үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж байсан үе үеийн дарга, захирлын зөв бодлого, оновчтой менежментээр манай үйлдвэр зах зээлийн хүнд үеийг даван туулж одоо хүртэл нэг ч зогсолт хийлгүй ажиллаж байна. Мөн сүүлийн үеийн дэлхийд алдартай Бельги улсын нэртэй фирмийн “Вандавелл” машиныг суурилуулан амжилттай ажиллуулж уг машинаар нэхсэн төрөл бүрийн хивснүүдээ гадаадын олон оронд экспортолж байна. Энэ бүгдийг амжилттай удирдаж байсан үйлдвэрийн дарга Ж.Дэлгэрцэцэг, Р.Баасандэй, Ц.Эрдэнэбилэг нарыгаа дурдахад таатай байна. 

-Ажил, амьдралын туршлага, сайхан дурсамжаасаа хуваалцсанд баярлалаа.

-Танд ч гэсэн баярлалаа. Хүн залуу байхдаа сайн ажиллаж сайхан амьдарч эх орныхоо сайхан нутгаар аялах хэрэгтэй. Хүний төрсөн нутаг  гэдэг бол эцэг, эх шиг  нь үнэ цэнтэй зүйл байдаг. Тийм болохоор хонгор нутгаараа бахархаж бахдаж явдаг аа. Миний ажлын амжилтыг үнэлж төр, засгаас Хөнгөн аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль,  Алтан гадас одонгоор энгэрийг минь мялаасан. 

Холбоотой мэдээ