Төрийн залуу албан хаагчдын зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-30 21:42:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас “Хариуцлага-Чадвартай төрийн албан хаагч” дэд хөтөлбөрийн хүрээнд “Төрийн залуу албан хаагч” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, Төрийн Аудитын газрын дарга Т.Төвсанаа, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч Р.Мөнхтогтох, ЗДТГ-ын дарга Б.Оюунчимэг болон тус сумын ЗДТГ, харьяа төрийн байгууллагын залуу албан хаагч 200 гаруй хүн оролцжээ.

Тус зөвлөгөөнд сумын Засаг дарга Р.Мөнхтогтох “Сайнцагаан сумын 2019 оны үйл ажиллагаа, цаашдын зорилт, хэрэгжүүлэх ажлууд”, ЗДТГ-ын дарга Б.Оюунчимэг “Хариуцлага- чадвартай төрийн албан хаагч дэд хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн талаар танилцуулж, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, Төрийн Аудитын газрын дарга Т.Төвсанаа, Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр шилдэг төрийн албан хаагчдаа шалгаруулж, сумын ЗДТГ-ын ЖДҮ, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Ш.Бямба “Шилдэг мэргэжилтэн”, Наран багийн эмч А.Балдан-Осор “Шилдэг эмч”, Мандал сургуулийн багш Б.Мөнхсаруул, Нэгдүгээр цэцэрлэгийн багш Б.Үнэнцэцэг нар “Шилдэг багш”, Хот тохижуулах газрын жолооч Б.Батбаатар “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар тус тус шалгарсан ажээ.

Мөн Сайнцагаан сумын хэрэгжүүлж байгаа “Чадвартай багш- Чанартай боловсрол” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санаалчилгатай ажилласан байгууллагаар Хүмүүнлэг болон, Мандал сургуулийн хамт олныг  тодруулан шагнажээ.

 

Холбоотой мэдээ