Хатан Туул гол хэд, хэдэн газар тасарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-20 13:51:23

Туул гол өнөөдрийн байдлаар хэд хэдэн газраа 2-3 км тасарсан гэдгийг “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн онцлон анхаарууллаа.

Яармагийн орчимд 2-3 км, Зайсанд нэг км, бусад газарт хагас км хэртэй гол тасарчихаад байна. Энэ нь нөгөө л барилгын болон хайргын лиценз, үйлдвэрийн хог хаягдлаас шууд хамааралтай юм. Туул голын орчим дахь лицензийн тоо нэмэгдсээр байгаа төдийгүй өнөөдөр Туулын орчимд 60 гаруй лиценз олгосны дийлэнх нь хайрга олборлогчид юм. Энэ жил л гэхэд 11 лиценз шинээр нэмэгдсэн гэж уг хөдөлгөөний зохицуулагч мэдэгдлээ.

Усны тухай болон Урт нэртэй хуульд зааснаар “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заажээ. Мөн “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн заасан. Энэ хууль огт хэрэгжихгүй байгааг Туул голын өнөөгийн байдал харуулж байна.

Мөн Туул гол хэд хэдэн хэсэгтээ хэт бохир гэсэн ангилалд орох болсон. Төв цэвэрлэх байгууламж ачаалал хэтэрснээс Улаанбаатар хотын бохирын 40 орчим хувийг шууд Туул голд цутгаж байна. Төр засгаас яаралтай арга хэмжээ авахгүй бол нийслэлчүүдэд ундны усгүй болох аюул ойртож байгааг тэд онцлон анхааруулж байна. 

Холбоотой мэдээ