Сонгогчдыг өөрийн мэдээллээ баталгаажуулахыг сануулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-04-20 14:02:55

УИХ, аймаг, нийслэлийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан сонгогчдыг иргэний үүргээ биелүүлж УБСГ-ын https://burtgel.gov.mn цахим хуудаст хандаж сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн мэдээлэлтэй танилцаж баталгаажуулахыг УБСГ-аас анхааруулж байна. 

Уг цахим хуудаст хандсанаар өөрт холбогдох мэдээлэл буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр болон хаягийн мэдээлэл, тойрог, хэсгийн дугаар, санал өгөх байрны байршил зэргийг мэдэх боломжтой юм. Цахим хуудаст зөвхөн өөрийн регистрийн дугаараар хандан мэдээллээ шалгах бөгөөд зөрчилгүй бол “баталгаажуулах” хэсгийг дарах ёстой. Харин зөрүүтэй, эсвэл сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол “мэдэгдэх” хэсгийг дарахаас гадна  өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сум хорооны Улсын бүртгэгчид хандаж болно. Мөн мэдээлэл шалгах хэсгийн доор байрлах “холбоо барих” хэсэгт нэвтэрч,  өөрийн оршин суугаа газрын УБСГ-т утсаар хандахыг зөвлөж байна.

Хэрэв сонгогчийн өөрийн болон гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол хуульд заасны дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гомдол гаргах эрхтэй юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ