Г.Солонго: Уран бүтээлч хүн бол шинэ санааны мөнхийн эрэлчин, хайгуулчин байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-31 19:50:33

Завхан /МОНЦАМЭ/. Байгууллага бүр, хүн бүр 2019 оныхоо ажлыг дүгнэж алдаа оноогоо тунгааж буй энэ цагт Завхан аймгийн соёлын салбарын хамгийн чухал байгууллага болох Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Солонготой уулзаж ярилцлаа.


-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Таныг соёлын салбарт олон жил ажилласныг хэн хүнгүй мэднэ. Харин аймгийнхаа хөгжимт жүжгийн театрыг удирдаж аймгийнхаа нэрийг улсдаа төдийгүй, дэлхийн хэмжээнд гаргасан бүтээлүүдийг санаачлан нийтийн хүртээл болгож буйг тэр бүрий сайн мэдэхгүй байх шиг. Соёлын салбарын чухал байгууллага болох аймгийн Хөгжимт жүжгийн театрыг удирдаж авч явна гэдэг амаргүй байх?

-Тэгэлгүй яах вэ. Амар ажил гэж хаа ч үгүй шүү дээ. Миний бие 1990 оноос хойш Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театртайгаа салшгүй холбоотой явж ирсэн. Анх театртаа ажлын гараагаа хөгжимчнөөр эхэлж, менежер, маркетингийн албаны дарга, 2016 оны 12-р сарын 12-ны өдрөөс эхлэн театрынхаа даргаар томилогдон ажиллаж байна. Үүнээс хойш театрынхаа урын сан, тайзнаа бүтээгдсэн бүтээлүүд болон үзэгчдийн эрэлт, хүсэлт зэргээс хамааран юуны түрүүнд захиргааны нэгжийн хүрээнд бүтэц, үйл ажиллагаа, арга барилын хувьд өөрчлөлт хийж ажиллаж байна. Театрын уран бүтээл хамтын бүтээл байдаг энэ ч утгаараа өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай театрын хамт олон өмнөх онуудад гаргасан амжилтуудаа бататган, чанаржуулж мэдлэг боловсрол, ур чадвар, бүтэц зохион байгуулалтын хувьд ахиц дэвшилтэй  ажиллаж  чадсан нь театрын урын сангийн түүхийг томоохон шинэ уран бүтээлүүдээр зузаатгасан, уран бүтээлийн олз арвинтай он жилүүд байлаа.

-Ингэхэд та яагаад урлагийн мэргэжил эзэмших болов? Тэр тусмаа хөгжимчин?

-Би хүүхэд байхын л урлагт хайртай охин байлаа. Нөгөөтээгүүр урлагт шимтэн дурлах нөлөөлөл их байсан. Би чинь Завхан аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежид тавдугаар ангиасаа элсэн орсон хүн шүү дээ. Тэр сурагч байх үеэс л хөгжмийг ойлгох, хөгжимчин хүн болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд өнөөдөр урлагийн салбартаа үнэнч зүтгэж явна даа. Ер нь ятга хөгжим бол намайг урлаг, уран сайхан, гоо зүйтэй салшгүй холбож өгсөн амин хүч гэдэг хүндлэлээрээ сүсэглэж явдаг даа. Миний анх тоглож үзсэн ятгын тэр эгшиг намайг өнөөдрийг хүртэл хөглөсөн. Ятга бол цаанаа увдистай, тэнгэрийн хөгжим юм. Түүх сударт ч энэ тухай тэмдэглэсэн байдаг. Монголчууд бид ятгыг дээдэлж ирсэн. Ятгын тухай дуу хүртэл байдаг шүү дээ. "Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юм уу" гэж. Энэ дууг анхны мэргэжлийн ятгачдын нэг Алтантуул эгч зохиосон байдаг юм билээ.

-Та ятга хөгжмөөс ямар мэдрэмж авдаг вэ?

-Би хөгжмөө тоглохоороо өөр ертөнцөд оччихдог. Газраас тасарсан мэт мэдрэмж төрдөг. Их л аз жаргалтай болдог доо. Хөгжмөө тоглохоор амьдрал минь хөглөгддөг. Хөглөгдсөн амьдралын минь бас нэгэн үнэ цэн нь ятгын чавхдасыг анх удаа эгшиглүүлсэн явдал юм.

-Гайхалтай. Урлагийн салбар бол авьяас нөр их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Та эх хүн энэ бүхнийг хэрхэн амжуулдаг вэ?

-Олон арван жилийн хугацаанд театр гэдэг энэ их айлын өндөр босго, халуун тогоонд буцалж чанагдсан болохоор бараг л гэр бүлээсээ илүү анхаарал тавьж ажилладаг шүү дээ. \инээв\ Гэр бүлийн маань хүн бас л урлагтай салшгүй холбогдсон. Тиймдээ ч тэр үү. Удирдах ажлыг ойлгодог нь миний хувьд ажлаа гүйцэтгэлтэйгээр хийхэд минь дэмжлэг тус болдог. Бас ар талд ээж гэдэг буянтай буурал байгаа болохоор гэр бүлээ зөнд нь даатгаж орхиод л театрынхаа ирээдүйн гэрэл гэгээний төлөө зүтгэж явна даа. Урлаг бол бидний амьдралыг баяжуулж, өнгө нэмж өгдөг гэж боддог. Уран бүтээлчид бид үүний тулд маш их хөдөлмөрлөдөг. Урлаг бол нийгмийн түүчээ, улс үндэстнийг илэрхийлэх нүүр царай, мөн маш том соёл учир би урлагийг дэмждэг.
Бид урлагаар дамжуулан үр хүүхэд, ирээдүй хойч үедээ үндэснийхээ өв соёлыг ойлгуулах, дамжуулан өвлүүлж үлдээх, мөн эх орноо дэлхийн тавцанд таниулах учраас бид урлагт анхаарах ёстой.

-Та Ламжавын Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын даргаар ажиллаж багагүй хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд маш их зүйлийг амжуулсан байх?

-Саяхан л юм шиг санагдаж байна шүү. Ажлаа аваад сахилга хариуцлагыг сайжруулах, чанартай уран бүтээлийг хүргэх, мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдээр хүрээгээ тэлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, театрын тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, үзэгчдийн үзвэр үзэх тав тухтай орчныг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж ирлээ. Цаашид бид олон ажлыг төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд театрынхаа шинэ барилгыг ашиглалтад оруулж театрынхаа түүхт 40 жил, зохиолч, найруулагч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ламжавын Ванганы мэндэлсний 100 жилийн ой зэрэг олон ажил хийхээр зорилго тавин ажиллаж байна.

Мөн бид мэргэшсэн чадварлаг боловсон хүчнээр хангах, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, бие даасан ажиллагааг дэмжих, мэргэжлийн уран бүтээлээр /тайзны/ урын сангаа баяжуулах, уран бүтээлчдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, уран бүтээлийн шилдэг номерыг бий болгох зорилгоор 2016 оны 12 дугаар сараас эхлэн улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын Консерватор, Соёл урлагийн их сургууль, СУИС–ийн салбар Завхан дахь Хөгжим бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, жил бүр уран бүтээлчдийн мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг авч байгууллагын үйл ажиллагаанд тогтмолжуулж ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир, гүйцэтгэх зураач Т.Түмэн-Өлзий, ерөнхий найруулагч С.Баярсайхан, ерөнхий зураач С.Ариунболд, хөгжмийн зохиолч Э.Хүрэлбаатар, Монгол Улсын Консерваторын бүжгийн тэнхимийн эрхлэгч МУСТА, БТА, Н.Оюун, СУИС-ийн Хөгжим урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэг, УДЭТ-ын жүжигчин Г.Очирбат, Н.Баярмаа, менежер З.Нямзул, нүүр хувиргагч Ө.Энхтүвшин нар хөгжимт жүжгийн театрын нийт ажилчид, уран бүтээлчид, багш нарт практик сургалтыг явуулан шинэ уран бүтээл дээр ажилласан нь үр дүнд хүрлээ гэж бид бүхэн дүгнэж байгаа.

Удирдагч хүний хувьд уран бүтээлчид, ажилчдаасаа гол хүсдэг зүйл бол ажлын цагаа үр бүтээлтэй, ажил хэрэгч өнгөрүүлж, оройн цагаа гэр бүлдээ зарцуулаасай гэсэн бодлогоор ажилладаг.

Уран бүтээлчдийнхээ ажил амралтыг нь зохицуулан боломж гарвал хууль дүрмийн дагуу урамшуулал, илүү цагийн мөнгийг олгох, амраах зохицуулалтыг хийн ажиллахыг хичээдэг. Удирдах алба гэдэг өөрөө маш бартаа, хүнд даваа гүвээ ихтэй байдаг юм байна. Гэхдээ л миний хувь ерөөл шүү дээ. Би хийх ёстой, чадна гээд л зүтгээд байна даа. 

-Аймгийн Хөгжимт жүжгийн театр шинэ шинэлэг уран бүтээлийг үйлдвэрлэн гаргаж амжилтуудыг ч ар араас нь дагуулсан түүхэн жилүүд өнгөрч байна. Амжилтуудаасаа хуваалцаач?

-Амжилт гэдэг бол уран бүтээл болоод уран бүтээлчид нийт театрын ажилчдын нийгэм талаасаа хүртэж байгаа хамгийн өндөр баяр баясгалан шүү дээ. Мэргэжлийн урлагийн байгууллагын амин сүнс нь уран бүтээлийн фонд, урын баялаг сан байдаг л даа. Өмнө нь театрын уран бүтээлийн фонд хангалтгүй ажиллаж байсан. Тийм учраас “Урын сангийн эрхлэгч”-ийн орон тоог шинээр бий болгож театрын түүхэн баримтуудыг архивлах ажлыг зохион байгуулж 1958 оноос хойш өнөөдрийг хүртэл тавигдсан 150 орчим уран бүтээл, жүжгийн зохиол, бусад материалаас 99 уран бүтээлд сан хөмрөг үүсгэж архивд хадгалаад байгаа.

Амжилт ололт талаасаа гэвэл бид бүхэн “Өндөр гэгээн” жүжгээрээ “Гэгээн муза–2018” олон улсын театрын их наадамд оролцож шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналуудыг авсан.

Мөн тус уран бүтээлээ нийслэл хотынхоо 1000 гаруй үзэгчдэд хүргэсэн. Түүнчлэн “Гарын таван хуруу” хэмээх мюзикл жүжгээрээ дөрвөн жилд нэг удаа болдог “Шилдэг бүтээл-2018” улсын уралдаанд оролцож  шилдэг эрэгтэй гол дүрийн дэд байр, шилдэг эрэгтэй туслах дүрийн тэргүүн байр, шилдэг хөгжмийн зохиолч номинацийн шагнал, шилдгийн шилдэг “Гранпри” шагналуудыг тус тус хүртсэн. Мөн Чех улсын Прага хотноо болсон Дэлхийн театрын сценографикийн уралдааны тайзны төрөлд Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” жүжгийн тайзаараа ерөнхий зураач С.Ариунболд амжилттай оролцсон.

Үндэсний өв соёл, ардын урлагаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор Завхан аймгийн ЗДТГ-тай хамтран Монгол Улсад суугаа Япон, БНСУ, БНЭУ, БНХАУ, АНУ-ын ЭСЯ-дад ардын урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд 2018 оны нэгдүгээр сард БНЭУ-д, 2019 оны долоодугаар сард БНСУ-д айлчлан ардын урлагийн тоглолтуудаа амжилттай хийж ирлээ.

-Танай уран бүтээлүүдээс ”Өндөр гэгээн” түүхэн жүжгийг онцолж асуумаар байна?

-Яриад суувал өнөөдөр дуусахгүй сэдэв шүү дээ. Өндөр гэгээн Занабазар бол Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу Богд Жавзандамба хутагт бөгөөд Монголчуудын оюун санаа, эв нэгдлийн илэрхийлэгч, суу билигт соён гэгээрүүлэгч билээ.  Яг жүжиг талаасаа гэгээнтэн богд гэхээр хүнээс дээгүүр тэнгэрийн нэгэн бурхан мэт санацгаадаг. Бидний гол санаа бол ХҮНИЙ СЭТГЭЛ- ХУВЬ ХҮН хоёрын хоорондын зөрчлийг л агуулгаа болгож бүтээлдээ шингээсэн. Тиймдээ ч өнөөдөр хүртэл хүн бүрийн сэтгэл зүрхэнд хадгалагдан явдаг болов уу?

Сайн муу хоёр нийлж сав дүүрдэг хорвоо хойно "Өндөр гэгээн" жүжгийнхээ төслөө танилцуулж байхад сөргөөр хүлээж авсан хүмүүс нэлээдгүй байсан. “Энэ их хөрөнгө мөнгө, зардал төсөв олдохгүй байхдаа” гэсэн хандлагатай хүн олноосоо их байсан гэх үү дээ. Бид энэ жүжгээ нэг ч төгрөггүйгээр эхэлж 70 хувь хүргэсэн дээ. Дараа нь УИХ-ын гишүүд болон  орон нутгийнхаа аймгийн удирдлагуудад танилцуулж их халуун дэмжлэг авч хамтран ажилласныхаа хүчинд 2018 оны гуравдугаар сарын тавны өдөр орон нутагтаа нээлтээ хийсэн дээ. Энэ завшааныг тохиолдуулаад театрын урлагийг дэмжигч УИХ-ын дэд дарга  Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа,  Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон хувийн хэвшлийн байгууллага, үзэгч түмэндээ урлагийн ариун ёс зүй болоод хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

-Урлагийн тэр дундаа Хөгжимт жүжгийн театрын удирдлага хүний өнцгөөс харахад уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ?

-Миний дотор хүн их уран бүтээлч талдаа л даа. Иймдээ ч тэр үү “Уран бүтээлч хүн маш олон сэдэв агуулгын хүрээнд бүтээл туурвих хүсэл эрмэлзэл дүүрэн явдаг” юм гэсэн Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын үгийг санаж бодож явдаг. Тиймээс зогсоо, зайгүй эрэл хайгуулч, оюун санааны хөдөлгүүрт уран бүтээлч робот байх ёстой гэж боддог. Тэгж байж бид нийгмийг соён гэгээрүүлнэ.

-Янз бүрийн уран бүтээлчидтэй ажиллахад их эв дүй шаардагддаг байх? Таны ажлын арга барилын онцлог юу вэ?

-Би их зөөлөн талдаа хүн л дээ гэхдээ ажилчдадаа хууль дүрмийг баримталж ажиллах шаардлага тавьдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллахыг зөвлөдөг. Урлагийн хүмүүс их уяхан цагаан цайлган, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй шулуухан улсууд байдаг. Тэр болгонд нь зохицуулахыг хичээн ажилладаг. Нөгөөтэйгүүр тэдний нийгмийн асуудлыг дэмжих, шийдэх олон гарцыг төлөвлөж ажиллаж байгаагийн нэг бол дугуйлан. Энэ нь хүүхдүүдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхээс гадна уран бүтээлчдийн ур чадварт эрэл хайгуулын ахиц гарч байгаа нь анзаарагддаг. Мөн түүнчлэн дугуйлангаас олсон орлогыг нь уран бүтээлчдэд зуун хувь өөрт нь үлдээж дэмжиж ажилладаг.

Хөгжимт жүжгийн театр дотроо “Аялгуу” дуу бичлэгийн студийг байрлуулж уран бүтээлчдийн хөгжмийн бичлэг, фонограмм, хоолойн бичлэг, Mix mastering-ийг хямдралтай үнээр болон үнэ төлбөргүй хийх боломжоор хангасан. Энэ нь уран бүтээлчдийн урын сангийн баяжилт нэмэгдэх боломжийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн хувьд ч ихээхэн хэмнэлт болж байна. “Биеийн хүчээр ганцыг, ухааны хүчээр мянгыг барна” гэдгийн адилаар уран бүтээлчид болоод ажилчдынхаа ажиллах амьдрах орчин нөхцөл тал дээр анхаар ч ажиллахыг хичээж байна. Миний хувьд энэ театртаа 20 гаруй жил ажилласан хүн шүү дээ. 

-Театр маань хэр зэрэг бүтээн байгуулалт, уран бүтээлийн өөрчлөлт хийв дээ?

-Миний санаж явдаг зарчим байдаг л даа. Урлагийн байгууллага тусмаа уран бүтээлийн өөрчлөлт бүтээн байгуулалтыг байнга хийж байх ёстой гэж боддог. Театрынхаа урын сан, үзэгчдийн эрэлт хэрэгцээний үндсэн дээр өмнөх тогтсон дэгийг өөрчлөн сүүлийн жилүүдэд томоохон төсөлт бүтээлүүдэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Мөн 1990 оноос хойш аймгийн хөгжимт жүжгийн театрт их засварын ажил огт хийгээгүй байсан. Удаа дараалан салбар яам болон аймаг орон нутгийн холбогдох газруудад асуудлыг тавьж байсан ч шийдвэрлэж чадаагүй байсан юм. Мэргэжлийн хяналтын гурван удаагийн дүгнэлтээр театрыг цаашид ашиглах боломжгүй гэдэг дүгнэлт гарч, шинэ театрын барилгын ажил эхэлсэн ч 2013 онд зогссон байдаг. Иймд хуучин театрын барилгын ажлыг засварлах зайлшгүй шаардлага гарсан учраас холбогдох газруудад асуудлыг тавьж 140 сая төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлүүлж чадсан юм.

Ингээд Завхан аймгийн ЗДТГ, БСШУСЯ-ны дэмжлэгээр “Цагаан сээр” компанийн гүйцэтгэлээр театрынхаа гадна фасад, дээврийн засвар, дотоод заслын ажлыг хийж уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулж чадсанаас гадна өөрийн нөөц бололцоогоор театртаа засвар шинэчлэлийн ажлыг тогтмол хийж байна.

Мөн уран бүтээлчид, ажилчид өөрсдийнхөө ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн анги бүр цэвэр цэмцгэр орчин, аяныг өрнүүлж засвар тохижилтын ажлуудыг хийж байгаа. Мөнхүү үзэгчдийг тав тухтай, тохилог орчинд үзвэр үзэх боломжийг бүрдүүлж зрителийн их засвар, угтах үйлчилгээний танхимыг бий болгож, суух сандал, ариун цэврийг өрөөг тусгайлан бий болгосон юм. Ингэснээр “Угтах үйлчилгээ”-ний гэрээт ажилчдыг ажиллуулж соёлтой үйлчилгээг нэвтрүүллээ. Энэ талаар үзэгчид надаас илүү ихийг хэлж дүгнэх байхаа.

-Томоохон уран бүтээл хийхэд асар их зардал гардаг байх? Ирэх онд ямар томоохон уран бүтээлийг үзэгчдэдээ барих гэж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ аливаа нэгэн зүйл тодорхой төсөв санхүүгүйгээр үйлдвэрлэлээс гарахын аргагүй шүү дээ. Холбогдох дээд байгууллагууд урлагийг дэмжигч хувь хүмүүсийн дэмжлэгээр томоохон уран бүтээл туурвиж үзэгч түмэндээ хүргэдэг. Мөн бид дотооддоо орлого нэмэгдүүлэх үүднээс тэмдэглэлт өдрүүд, аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа ажлууд, ойн үйл ажиллагаануудад зориулсан шинэ уран бүтээлүүдийг ангиуд, уран бүтээлчид өөрсдөө санаачлан шинэ менежментээр ажиллаж хэвшээд байгаа. Бид 2020 онд “Жангар” хэмээх хүүхдэд зориулсан томоохон төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа аль хэдийн ороод байна.

-Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Танд сүүлийн асуултыг үлдээе.

-Маш сайхан халуун дулаан ярилцлага боллоо. Театр бол хүний сэтгэл бодлыг дэлгэн нээх оюуны их өргөө юм. Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэн, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

Театр бүхий л цаг үед ирээдүйн үзэгчдээ бэлтгэж, зогсошгүй эргэх холбоог бий болгох нь хамгийн чухал байдаг. Тиймээс театр оршин тогтнох гол үндэс нь үзэгч юм. Тиймээс ирж буй 2020 ондоо орон нутгийнхаа авьяаслаг, чадварлаг уран бүтээлчдийн олон шинэ бүтээлийг үзэгч та бүхэн шимтэн үзээрэй гэж урьж байна. Театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч, оюунлаг үзэгч, дэмжигч та бүхэндээ ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэж байна.

Холбоотой мэдээ