Хэнтий аймаг энэ онд ой бүхий сумдаас 88178 м.куб мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-04 22:18:18

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөрийн мэдээлснээр 2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг нийт 88178 м.куб-ээр тооцож тус аймгийн ИТХ-аас баталжээ. 


Түүнчлэн ойн нөөцөөс олох орлогыг 230998,9 мянган төгрөгөөр тооцжээ. Тодруулбал, БОАЖЯ-наас 2020 онд бэлтгэхээр батлагдсан модны хэмжээ, ойн орлогын хэмжээг тогтоохдоо ой бүхий Батширээт, Баян-Адарга, Биндэр, Дадал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Норовлин, Дэлгэрхаан сумаас хэрэглээнд 31085 м.куб, түлээнд 57093 м.куб бэлтгэхээр төлөвлөжээ.

 

Харин аймгийн ойн сангаас 2020 онд “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэх модны дээд хязгаар, огтлолыг төрлөөр нь авч үзвэл ой бүхий Батширээт, Дадал, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Баян-Адарга, Норовлин сумаас хэрэглээний зориулалтаар 1800 м.куб, түлээний зориулалтаар 2700 м.куб, нийт 160 га ойгоос 4500 м.куб мод бэлтгэх аж.

Мөн цэвэрлэгээний ажлыг 100 га-д хийж 2500 м.куб мод бэлтгэхээр төлөвлөсөн байна. Тус ажлыг Ой судалгаа хөгжлийн төв УТҮГ-тай 145 га-д, сум болон Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллага 105 га-д тус тус хамтран зохион байгуулахаар болжээ.

Тус аймгийн ИТХ-ын тогтоолд үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтоор ойгоос мод бэлтгэсэн аж ахуйн нэгж бэлтгэсэн модны 100 м.куб тутамд хоёр га-д, ойгоос арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэсэн аж ахуйн нэгж бэлтгэсэн хэрэглээний модны 100 м.куб тутамд хоёр га-д өөрийн хөрөнгөөр тус тус ойжуулалт хийхийг тусгажээ. Харин уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор нас гүйцсэн ургаа нойтон мод ойгоос бэлтгэсэн иргэн огтолсон нэг модны оронд арав буюу түүнээс дээш тооны тарьц суулгацыг ойд тарьж ургуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

 

Холбоотой мэдээ