Б.Алтанимэг: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог цуцлах эсэхийг пүрэв гарагт шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-08 10:56:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтанчимэгээс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаарх цаг үеийн байдлыг тодрууллаа.



-Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн оны 12 дугаар сарын дунд үеэс томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч амбулаторийн үзлэг, түргэн тусламжийн дуудлага, эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг мөн үеэс эхлэн Хүүхдийн эмнэлгийн Хүлээн авахад ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулж байна.

-Өвчлөл өнөөдрийн байдлаар ямар хэмжээнд байна вэ?

-Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн нөхцөл байдал дээр хязгаарлалтын горим тогтоох үед /2019 оны 12дугаар сарын 27/ томуу, томуу төст өвчний дэгдэлт 20.5 хувьтай байсан. Харин  2020 оны эхний долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгээр Баянхонгор сумын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл 17.5 хувь, аймгийн хэмжээнд 19.1 хувьтай болж буурсан. Гэсэн хэдий ч сумдын хэмжээнд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Хүүхдийн эмнэлэгт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Өдөрт 10-20 хүүхэд эмчлэгдэн гарахад мөн тооны хүүхэд нэмж хэвтэж байгаа учир хүүхдийн эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

-Аймгийн төвд өвчлөл буурах хандлагатай байгаа ч эмнэлгийн ачаалал хэвээр байгаа нь юутай холбоотой вэ?

-Ажлын өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 18.00-22.00 цагийн хооронд уртасгасан цагаар үзлэг хийж байгаа бөгөөд долоо хоногт 30-40 хүүхэд үзүүлж байгаа бол амралтын өдрүүдэд 100 шахам хүүхэд үзүүлж байна. Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс харахад өвчлөл хүндрэх хандлагатай харагдаж байна. Аймгийн төвд дэгдэлт буурах хандлага байгаа ч бусад сумаас өвчлөл хүндэрсэн хүүхдүүд ирж хүүхдийн эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна.

-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Эрүүл мэндийн байгууллагаас байдлыг дахин тандаж тодорхойлсноор сурагчдын амралтыг сунгах эсэх талаарх шийдвэрийг гаргана. Цаашид хөл хориог сунгах уу, цуцлах уу гэх талаар энэ долоо хоногийн пүрэв гарагт холбогдох албаныхан зөвлөлдөж шийдвэрлэнэ.

-Эцэг, эхчүүдэд хандаж хэлэх зөвлөмж бий юу?

-Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ эцэг, эхчүүд гэрийн нөхцөлд, эмчийн зааврын дагуу эмчлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Эмнэлгийн ачаалал их, дотроосоо нэмж өвчлөл авах зэрэг эрсдэл бий. Эдгэж байсан хүүхэд шинээр хэвтэж байгаа хүүхдүүдээс эргэн халдвар авч хүндрэх магадлал байдаг учир гэрийн эмчилгээг илүүд үзэж байгаа. Эмчдээ хандаад эмийн эмчилгээгээ эмчийн зааврын дагуу хийхийн зэрэгцээ хоол хүнсэнд нь сайтар анхаарах хэрэгтэй. Амин дэмтэй, халуун боловсруулалт хийсэн хоол хүнсээр тогтмол хооллох, хүүхдээ маш сайн амраах, өөрсдөө гардаж асрах хэрэгтэй байна. 

Холбоотой мэдээ