Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-08 15:24:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуралдаанд танилцуулсан юм. 2015 оны 12 дугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой бүхий л харилцааг зохицуулах болсон. 2016 оны ээлжит бүх сонгууль тус хуулиар зохицуулагдсан юм. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатайг хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдал илтгэж буйг тэрбээр илтгэлдээ дурдсан. 



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Сонгуулийн тухай хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой харилцааг зохицуулсан суурь зохицуулалтад ундэслэн, түүний үзэл баримтлалын хүрээнд боловсруулжээ. Хуулийн төсөл 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу тухайн харилцааны эрх зүйг шинээр нарийвчлан зохицуулсан анхдагч хуулийн төсөл юм.


Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох тусгайлсан хууль боловсруулах шаардлагатай гэж үзжээ. Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагад үндэслэн хуулийн төслийг боловсруулсан гэж илтгэлдээ дурдав.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.

Холбоотой мэдээ