Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх нь эдийн засагт сөрөг нөлөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-09 22:43:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тодруулбал тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллээ.

 

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг байх аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ.



Хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд тэтгэвэр барьцаалж зээл авсан 229 мянга иргэдийн 207.8 мянга нь зургаан сая хүртэл сая төгрөгийн зээлтэй байгаа нь нийт зээл авсан иргэдийн 91.5 хувийг эзэлж байна. Тиймэс зээлийн төлбөрийг чөлөөлөх хэмжээг энэ хүрээнд тогтоох нь зүйтэй, тэтгэврийн зээл аваагүй байгаа 192 мянган иргэнийг ялгаварлаж болохгүй, иймд эдгээр иргэдэд зориулсан тодорхой шийдэл гаргах шаардлагатай гэсэн санал гаргаж байв. Тиймээс иргэдийн зээлийг тэглэх болон зээлгүй ахмадад зориулсан арга хэмжээг цогцоор нь ярилцаж, саналаа нэгтгэж хэлэлцүүлэх чиглэлийг ажлын багт өгсөн.


Энэ үндсэн дээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж тодорхой шийдэлд хүрсний дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын багаас гаргасан саналуудыг хэлэлцэж дэмжжээ. Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Тодруулбал, тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх  дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэнийг дэмжжээ. Учир нь тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамаарч зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн  харилцан адилгүй байгаа аж. Иймээс тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээлийн чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг хуулийн төслийн 4.4 дэх хэсэгт тусгажээ. Энэ зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8 хувийг, зээлийн нийт дүнгийн 75.2 хувийг хамрах юм байна.


Харин тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгажээ.


Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглохоор зохицуулсан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна гэж үзсэний үндсэн дээр гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна.


Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан боловсруулсан Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1’000’000 (нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх; уг үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх; иргэдийн төлөх дүн 1’000’000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх; “Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг “Эрдэнэс Силвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн зарчмын зөрүүтэй эдгээр саналуудтай холбогдуулан “Эрдэнэс Силвэр” ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн байна.



Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат,  Д.Мурат, С.Жавхлан нар Байнгын хороо, ажлын багаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс тавьсан асуулт, саналтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай асуудал нь улстөржиж, талцаад байх асуудал биш. Буруу ташаа мэдээллээр иргэдийг талцуулж төөрөгдүүлж болохгүй. 2018 онд зээлийн хэмжээ 24 хувиар өссөн бол энэ онд 5 хувиар өссөн дүнтэй байна. Мөн эдийн засаг өсөж, инфляци 5 хувь болж буурсан үзүүлэлттэй байгаа. Ингэж эдийн засаг агшсан байна. Иймээс энэ арга хэмжээ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй. Энэ мөнгө валютын зах дээр очихгүй, тэгшитгэж мөнгө өгөхийн оронд талхаа таллаж, тосоо граммлан авч байгаа орлогогүй болсон иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого юм. Харин ч энэ арга хэмжээ нь эдийн засаг тэлэхэд эерэгээр нөлөөлнө.  


Мөн зээлийг тэглэх сургаар 100 тэрбум төгрөгийн зээл олгогдсон тухай яриа нь ор үндэслэлгүй юм. Монголбанкны мэдээллээр 2019 оны 12 дугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Тэгвэл 2018 оны 12 дугаар сард 91тэрбум, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авч байсан байна. Хэрэв мэдээлэлд ойр байсан хүмүүс зээл авсан бол шалгаж тогтоох чиглэлийг Эдийн засгийн цагдаагийн албанд өгсөн гэдгийг хэлсэн юм.



Ингээд Байнгын хорооны ажлын баг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “төлбөрийг” гэснийг “төлбөрийн тодорхой хэсгийг” гэж өөрчлөх, 2.1 дэх хэсгийн “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль” гэсний дараа “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль” гэж нэмэх, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “хүртэлх” гэснийг “дуустал” гэж өөрчлөхөөр болов. Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг “Тэтгэвэр авагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусахаас өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө барагдуулж байх хугацаандаа нас барсан, зээлийн гэрээний үүрэг нь дуусгавар болоогүй бол түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг энэ хуулийн үйлчилгээнд хамруулна” гэж өөрчлөн найруулахаар тогтов.


Түүнчлэн төсөлд “Энэ хуулийн 4.1, 4.2-т хамаарах зээлдэгчийн зургаан сая, түүнээс доош зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна” гэсэн агуулгатай 4.4 дэх хэсэг нэмэх, төслийн 5.1 дэх хэсгийг “Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан үнэт цаас гаргана” гэж, төслийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-д танилцуулна” гэж тус тус  өөрчлөн найруулахыг дэмжлээ. Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.   


Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ