Яаралтай тусламж үйлчилгээний автомашины парк шинэчлэлтэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-01-11 13:48:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр орой Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ажилласныхаа дараа тус төвийн удирдлагуудтай санал солилцлоо.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, “Бид дуудлагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор энэ сарын 1-нээс дуудлага өгсөн иргэнд эргээд мессэжээр хариу өгдөг зохицуулалтыг туршилтаар хэрэгжүүлж байна. Удахгүй техник технологийн асуудлаа шийдээд дуудлага өгсөн бүх иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгдөг болно” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан, “Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг онцгой, цагдаа, эмнэлгийн байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах чиглэлд бид онцгой анхааран ажиллаж байна. Тиймээс оны өмнө Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлтэд зориулж туулах чадвар сайтай 19 автомашиныг шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэхийн тулд 180 гаруй автомашин байх ёстойгоос өдгөө 45 автомашин үйлчилгээнд явж байгаа. Цаашид түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн асуудлыг судлан шийдвэрлэхийг зорьж байна. Мөн дуудлага шуурхай очдог болохын тулд хотын хаягжилтыг тодорхой болгох ажлыг хэрэгжүүлнэ. Мөн Улаанбаатарын камержуулалтыг сайжруулах асуудлыг бид Засгийн газар, салбарын яам, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.

Хурандаа О.Зоригт, нийслэлээс хөдөлгөөнт эргүүлд олгосон Лада маркийн шинэ машинууд гэр хороололд явахад зам голохгүй тохиромжтой байгааг Хотын даргад уламжилж, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, техникийн шийдлийг боловсронгуй болгоход анхаарахаар болсонд талархал илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ