Гэгээн Ширээт Улсад Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-13 10:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Гэгээн Ширээт Улсын Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагертай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Уулзалтын эхэнд Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монголын түүхтэй холбоотой баримт, эх сурвалжийг судлах Монголын эрдэмтдийг Ватиканы нууц архив, номын санд ажиллахыг зөвшөөрч, манай судлаачдыг өнгөрсөн 10 дугаар сард хүлээж авсанд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын түүхтэй холбоотой эх сурвалжийг судлахад манай судлаачдыг латин хэл сургах боломжтойг Ватиканы тал мэдэгджээ .


Мөн үеэр талууд Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жилийн ойн хүрээнд энэ оны 5 дугаар сарын 6-8-нд Гэгээн Ширээт Улсад хамтран зохион байгуулах эрдэм шинжилгээний хурал, зургийн үзэсгэлэнгийн бэлтгэлийн талаар ярилцав. Эрдэм шинжилгээний хурлаар католик шашны гэлэн Вильям де Рубрук, Папын элч Плано Карпинигийн Монголын эзэнт гүрэнд зорчихдоо баримтжуулсан шашин шүтлэгийн эрх чөлөөний асуудлыг онцолно. Энэ сэдэв шашнаар түрүү барин зөрчилдөж байгаа өнөө үед нэн ач холбогдолтой юм.


Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Ватиканд ажиллах үеэрээ Папын Шашин хоорондын яриа хэлэлцээний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Индунил Жанакаратне Кодитувакку, Шашин судлалын Грегорын төвийн захирал Лоран Басанес нартай мөн уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.


Түүнчлэн Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Ромд байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Мал аж ахуйн үйлдвэрлэл, эрүүл мэндийн хэлтсийн захирал Берхе Ж.Теколатай уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна экспортод гаргах боломжтой сүү, сүүн бүтээгдэхүүнд тавигддаг олон улсын стандартын талаар санал солилцож, загас агнуур, үржүүлгийн бодлого, нөөцийн хэлтсийн захирал Др. Мануэл Барангетэй уулзаж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдлэх эрх, тэдэнд ногдох квотын талаар мэдээлэл солилцлоо.

Холбоотой мэдээ