"Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл" эрдэм шинжилгээний хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-13 16:12:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 28 жилийн ойг тохиолдуулан "Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд өнөөдөр боллоо. 


УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Чимид сан”-гаас хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэхүү хурлыг зохион байгуулав.



Хурлын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр, "Шинэ Үндсэн хуулийг хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар хуулийн төслийг 75 хоног хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад баталсан түүхтэй. Энэ удаагийн УИХ иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдынхаа санал, дүгнэлтэд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг бодит ажил хэрэг болгохоор шийдвэрлэсэн юм. Улмаар улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна” гэлээ. Мөн тэрбээр энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг тайлбарлахын зэрэгцээ, түүнтэй уялдуулж хууль тогтоомжийг нийцүүлж, Үндсэн хуулиа амь оруулж, хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэсэн. 



МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Эрдэнэбулган, “Үндсэн хуулийн талаарх Олон улсын болон Үндэсний эрдэмтдийн хийсэн олон судалгааны дүнгээс үзвэл Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль өөрийн чадавхаа бүрэн шавхаагүйн дээр, одоо ч хүний эрх, эрх чөлөөг хангаж, баталгаажуулах, тэрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нийгэм, улс төрийн үүргээ бүрэн биелүүлж байна. Тэгвэл 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ хурал өнгөрсөн 20 орчим жил нийгмийн бүх төвшинд хэлэлцэгдэн, зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр шүүгдсэн, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд хөндөгдөж ирсэн улсын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан парламентат ёсоо бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, Монгол Улсын төрийн тэргүүн түүнийг нь нотлон баталгаажууллаа” гэлээ. Цаг хугацааны хувьд энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын эрх зүйн түүхийн цоо шинэ эрний эхэнд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтойг тэрбээр дурдаад 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь бид бүхэнд шинэ мянганы хоёр дах гарааны эхэнд Монгол Улс бодитойгоор эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь томоохон шинэтгэлийг эхлүүлэн хэрэгжүүлэх бодит боломжийг олгож буйг өгүүлсэн.



Мөн хуралдаанд Академич, МУИС-ийн Эмерит профессор, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан С.Нарангэрэл “Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, утга санааг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, “Монголын төрд нүүрлэж ирсэн ужигарсан гүн хямралыг үгүй болгох зорилгод 1992 оны Үндсэн хуульд энэ удаад оруулсан нэмэлт өөрчлөлт чиглэгдсэн билээ. Монголын нийгэмд нэлээдгүй их ажил үйлс, санал зөрөлдөөн, маргаан өрнөсний үр дүнд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хоёр дахь удаагийн нэмэлт өөрчлөлт эцэслэн батлагдав. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэлнэ. Энэ учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал, утга санааг ягштал, нэг мөр хэрэгжүүлэх асуудал монголын нийгмийн хойшлуулшгүй бөгөөд нэн тулгамдсан зорилт болон тавигдаж байна. Энэ нь нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, хэлэлцэж батлахаас бүр ч илүү  нарийн чимхлүүр, хариуцлагатай, нөр хичээнгүй ажил үйлсийг шаардаж байна” хэмээлээ.


УИХ-д суудал авсан гэх нэрийн дор эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрсан биегүй хий хоосон, сүүмгэр улс төрийн нам, бүлгийн хэрээс хэтэрсэн явцуу эрх ашиг нь Засгийн газрын ажлыг зогсоож, хүчгүйдүүлж, олон Засгийн газрыг түлхэн унагаасан. Улс төрийн нам хэмээсэн хаацайллын  дор ёс суртахуунгүй, мэдлэг чадваргүй, тохиолдлын нэлээдгүй хүмүүс улс төрд шургалан, төрийн нэр хүндийг олон түмний дунд унагаж, төр улсын зохион байгуулалтыг үгүй болгож, эх орон, ард түмний төлөөх үүрэг хариуцлага, хүчин зүтгэлийг үгүй хийж, улсын сан хөмрөгөөс хумслах, бусармаг үйлд гаршиж ирсэнийг таслан зогсооход Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал, агуулга бүхэлдээ чиглэгдэж байна хэмээн доктор С.Нарангэрэл онцолсон.



Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөж буй хууль тогтоомжид нийцүүлэх нь мэдлэг, туршлага, ур чадвар, алсын хараа, ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагдсан ажил үйлс болохыг нотлон харуулахын тулд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нэмж оруулсан “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн заалтаар жишээ болгон тайлбарласан юм.


Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалтыг хэрэглэх талаар үүссэн хоёрдмол утга, ойлгомжгүй байдлыг арилгах хууль ёсны арга зам нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, утга санааг гуйвуулахгүйгээр түүний зүйл, заалтыг зөв тайлбарлах явдал гэдгийг онцолж байлаа.

Холбоотой мэдээ