Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-13 14:09:40

СИДНЕЙ. /TASS/. Австралийн Холбооны Засгийн газар ойн түймрийн дараах зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно хэмээн Хүрээлэн буй орчныг хамгаалах сайд Сьюзан Лей мэдэгдсэн байна. Энэ хөрөнгө мөнгөний хагас орчим хувийг түймэрт нэрвэгдсэн амьтад тэр дундаа коала баавгайны тоо толгойг сэргээхэд зарцуулах аж.


“Байгаль орчин зэрлэг амьтдын тоо толгойг сэргээх яаралтай арга хэмжээг авах болон эрдэмтэд, экологчид, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 50 сая австрали доллар олгох болсон тухай мэдэгдэж байна” хэмээн Сьюзан Лей “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“10 дугаар сарын дундуур Австралийн зүүн болон зүүн өмнөд эрэгт дэгдсэн ойн түймрийн улмаас коала баавгайн тоо толгой ихээхэн хэмжээгээр буурч, устаж үгүй болох аюулд ороод буй төрөл зүйлийн жагсаалтад орж болзошгүй байгаа юм. Түймрийн улмаас олон коала баавгай үхэж, өөр болон амьтан бэртсэн. Гэсэн хэдий ч бид хэдий хэмжээний хохирол амссанаа одоог бүрэн тооцоолж чадахгүй байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.


Томоохон хэмжээний ойн түймэр өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур Австралийн зүүн эргийг хамарч эхэлсэн юм.  Одоогийн байдлаар Шинэ Өмнөд Вэльс, Виктория мужууд дахь дийлэнх нутаг дэвсгэр ойн түймэрт өртөөд байгаа  бөгөөд тэнд байгаа оршин суугчид яаралтай нүүлгэн шилжүүлэх тухай заавар авсан байна. Ойн түймрийн улмаас Австралид 8 сая га ой, 3 мянган орчим байшин барилга, 4 мянга орчим засаг захиргаа, аж ахуйн байгууламж сүйджээ. Түүнчлэн 25 энгийн иргэн, 4 гал сөнөөгч амиа алджээ. 

Холбоотой мэдээ