Ерѳнхий сайд Бор-Ѳндѳр сумыг аж үйлдвэрийн парк хот болоход анхааран ажиллахаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-15 18:17:05

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймагт үргэлжилж энэ сарын 14-нд Бор-Ѳндѳр суманд ажиллалаа.


Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн, аймаг, сумын удирдлагууд Монголросцветмет нэгдлийн уулын баяжуулах үйлдвэрийн ажилчидтай уулзаж, Уулын цех, баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцлаа.


Бор-Ѳндѳрийн уулын баяжуулах үйлдвэр 2019 онд түүхэндээ анх удаа татварын дараах ашиг 35 тэрбум тѳгрѳгт хүрсэн сайн мэдээтэй угтлаа. Уурхайчидтай уулзаж, засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, улсын эдийн засаг, ажлаа товч тайлагнасны дараа Ерѳнхий сайд сумын соёлын ордонд иргэдтэй уулзлаа. Уулзалтад 600 гаруй хүн оролцож, Ерѳнхий сайдад сум орон нутагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг дэвшүүллээ.


Тухайлбал, сумын ундны усны аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудал, эрүүл мэндийн тѳвийн ѳргѳтгѳл, онцгой байдлын салбар ангийн барилга, сургуулийн барилгын дээвэр зэрэг сум орон нутагт шаардлагатай, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж ѳгѳхийг хүсч, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажил, бодлого шийдвэрт талархаж буйгаа илэрхийллээ.


Ерѳнхий сайд асуудлуудаа аймгаараа дамжуулж, албан ёсоор тавихыг хүсч, Бор-Ѳндѳр сумыг аж үйлдвэрийн парк хот болоход анхааран ажиллахаа илэрхийллээ. Ѳнѳѳдѳр тэрбээр Дархан, Баянмѳнх суманд ажиллаж байна.

Холбоотой мэдээ