Хулан агнасан хэргийг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-01-14 16:05:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймагт ховор амьтны жагсаалтад багтдаг хулан агнасан хэрэг гарчээ. 
Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 10-нд 51 настай эрэгтэй Н гэгч нь ТОЗ-8 маркын буугаар нэг хулан агнасныг аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хэргийг иргэний мэдээлснээр илрүүлжээ. 
Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Холбоотой мэдээ