Хуванцар сав худалдан авах төхөөрөмж байршуулж эхэллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-01-14 16:28:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд хэрэглэсэн ундаа, усны саваа зориулалтын машинд тушааж, мөнгө авах боломжтой боллоо.

Тодруулбал, “Экобин” ХХК хаягдал савыг төлбөртэй хүлээн авагч автомат машиныг нийслэлд, "Номин холдинг"-ийн худалдааны дэлгүүр, төвүүдэд байршуулж эхэллээ. Энэ нь хуванцар хог хаягдлыг зөв боловсруулж хэвших соёлыг дэлгэрүүлэх зорилготойг мэдэгдэж байна 

RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машинд иргэд хуванцар сав, лааз, цаасан хайрцаг зэрэг хог хаягдлаа тушаагаад нэг сав тутамд 20 төгрөг авна. QR код хэлбэрээр тасалбараа авч, Монгол чатын дурангаар уншуулмагц таны виртуал дансанд шимтгэлгүйгээр мөнгө нь шууд орох юм. 

Одоогоор дээрх автомат машиныг Хан-Уул дүүрэг болон Баянзүрх дүүргийн Чулуун-Овоод орших "Номин" агуулах худалдааны төв, "Өнөр" хороолол болон зүүн 4 зам дахь "Номин хайпермаркет" дэлгүүр, "Ривер гарден" хороолол дахь "Номин супермаркет" болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "Наадам центр"  зэрэг 12 газар байрлуулаад байна. 


Хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машины программ хангамжийг нийслэлээс 30 сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Тус машинд "АПУ", “MCS Coca Cola” болон "GN Beverages", "Монос хүнс", "Номин" зэрэг компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хог хаягдлыг тушаах боломжтой юм. Ингэхдээ 1.2 литрээс том хэмжээтэй савыг авах боломжгүй аж. 

Хог хаягдал тушаах машиныг цаашдаа эмнэлэг, сургуулиудад байршуулна гэж компаниас мэдэгдэж байна. 

Б.Болд


Холбоотой мэдээ